Үндэстэний цөөнх: Монголын тайгад 54 өрхийн 237 цаатан аж төрж байна
Хүний хөл хүрэмгүй онгон тайгыг эзэлдэг, үндэсний цөөнх цаатнуудын амьдрал хүндхэн байгаа. Гэвч Монгол улсын цаа бугын тоо 1021-д хүрсэн нь яах аргагүй тэдний гавьяа мөн. Судалгаагаар цаа буга жилд 20 хувиар өсөх хандлагатай тооцоо гарчээ. Сүүлийн 30-аад жилд цаан сүрэг ингэж өсөөгүй юм байна. Энэ нь цаатан иргэдийн хувьд том ололт юм.
НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газраас Монгол улс үндэстний бүрэлдэхүүний хувьд казах, цаатан гэсэн хоёр цөөнхтэй хэмээн тодорхойлсон. Өнөөдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг, баруун зүүн тайгад 54 өрхийн 237 цаатан цаа бугаа маллан аж төрж байна. Тооны хувьд цөөн, мөхөж устах аюулын ирмэг дээр байгаа цаатнууд амьдралын уламжлалт хэв маяг, аж ахуй, соёлоо хадгалан цаг үетэйгээ хөл нийлүүлэн амьдрахыг эрмэлзсээр буй.
Тэдний үр хүүхдээ англи хэлтэй болгохоор тэмүүлж байгаа нь сайшаалтай. Цаа бугын аж ахуй бизнесийн ашиг орлого өндөртэй болохыг харж чадсаныг нь ч магтахгүй өнгөрч болохгүй нь. Урд бид цаатнууд болж бүтэхгүй байна хэмээн ярьдаг байв. Тэгвэл цаатнууд маань өнөөдөр ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж, үр хүүхдээ сургууль соёлд сургахыг илүүд үздэг болжээ.
Солонгос, япончууд цаатнуудын аж амьдралаар кино хийнэ хэмээн тэднийг нэг тайгаас нөгөө рүү нь нүүлгэх, амьдралынх нь бараан талыг илүү тусгах зорилго агуулах тохиолдол цөөнгүй байдаг аж. Хамгийн гол нь тэдний ахуй амьдралыг өөд татах асуудал төрийн болон бусад байгууллагууд, бизнесийнхний анхаарууштай асуудал болжээ.
Анх цаа буга тархсан Скандинавын орнууд, Швед, Норвеги, Финлянд, Америкийн Аляск зэрэг нутагт цаа малладаг хүмүүсийнхээ амьдралыг маш өндөр түвшинд авч үздэг байна. Манай Засгийн газраас 2007-2015 онд хэрэгжих “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” 634 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ хөтөлбөрт олон нийтийн болон бизнесийн байгууллагууд хүчээ нэгтгэн ажиллавал илүү үр дүнтэй юм. Ер нь малын эмч, зоо техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж ажиллуулвал 2020 он гэхэд цааны тоо толгойг 5000-д хүрэх боломжтой ажээ. Өнөөдөр цаатнуудад тулгараад байгаа гол бэрхшээл нь орлогын хомсдол. Малчидтай адил малынхаа түүхий эдээр орлогоо орлуулах нь ховор.
Тэд ан аваар хоолоо залгуулдаг байж. Гэтэл хуулиар ан агнахыг нь хоригложээ.
Хасах 50 хэмийн хүйтэнд урцанд амьдардаг цаатнуудын жуулчны цагаар олдог цөөхөн төгрөг л жилийнх нь орлого болдог байна. Хамгийн дээд тал нь нэг өрх 100 доллар жилд олдог ажээ.
Тэгэхээр цаачид өөрсдөө “Цаачин төв” байгууллага байгуулан, очсон жуулчдаас мөнгөө хурааж, дээр нь дундын сангаа арвижуулаад, орлого хуваан авч байх эрх мэдлийг нь өгвөл орлогоо бүрдүүлэх гол эх үүсвэр болохыг зарим хүн санал болгож байна. Ингэж орлого ашгийг нь зохицуулж өгвөл мөхлийн ирмэгт тулаад байгаа үндэстнээ аврах боломж бидэнд бий.
Социализмын үед АИХ-ын бүтцэд залуучууд, үндэсний асуудлын комисс цаатнуудын амьдралын түвшин Монголын дунд түвшнээс хоцрохгүй байх, ажилгүйдэлгүй, сургууль завсардсан хүүхэдгүй байлгах асуудлыг хариуцан ажиллаж байсан аж.
Одоогоос 19 жилийн тэртээ цаатан иргэд Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумын нэгдэлд ажиллаж, үр хүүхдийнх нь сургууль завсардалт арилж, өндөр настнуудад нь мөнгөн тэтгэлэг олгож байжээ. Тухайн үед 16 өрх л тайгад цаагаа маллан амьдарч байсан гэдэг.
Монголын цаа 1975 оны 11 сард 2280 хүрсэн нь энэ сүргийн дээд оргил болжээ. Гэтэл тухайн үед төрийн хэвлэл дээр “цаа буга нэгдэлд ашиггүй” мэдээлэл гарч жилд 500-600 хүртэл толгойгоор нядалсны уршгаар дөрвөн жилийн дараа цааны тоо толгой 700 болтлоо хорогдож, цаа маллагч айлуудын цалин хөлс буурч, амьдралын түвшин нь доогуурт орсон байна. Нэг өрх 120-200 цаа маллаж байх үед цаатнуудын амьдрал хангалттай түвшинд, харин нэг өрхөд 40-80 цаа оногдох болсон цагаас амьдрал нь эрс доройтжээ.
Өнөөдөр цаатны долоон хүүхэд их дээд сургуульд сурдгаас тав нь төрөөс төлбөрийг нь “дааж чадахгүй” байгаагаас жилийн чөлөө авсан байна. Цаатнуудын дунд сургууль завсардалтын асуудал анхаарал татаж байгаа аж. Тэд Хөвсгөлийн тайгад баруун, зүүн болон хуваагдан нутаглаж сургууль, эмнэлгийн бараа харахын тулд наад зах нь 50 км газар явдаг байна.
Зах зээлийн шуурганаар цаачид цааныхаа цусан эврийг авч орлого болгодог байсан бол эдүгээ ясан эврээр нь сийлбэр хийж худалдах болжээ. Төгсөлд нь цааны аж ахуй аялал жуулчлалын маш үр дүнтэй хэлбэр гэдгийг харж анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэйг дурдъя.
Сэтгэгдэл (2)
цаатан хүмүүс сайхан шүү
: Баасан, 6-р сар 10, 2011 16:09:31.
өаи
: Баасан, 6-р сар 10, 2011 16:07:38.
Сэтгэгдэл үлдээх