Хөвсгөл нутгийнхнаа УИХ-д төлөөлөн суугаа Л.Гүндалай гишүүнтэй цаатнуудын амьдрал ахуйн талаар яриа өрнүүлэх сонирхолд хөтлөгдөв. Нутгийн гийчнээс сонин сонсохын сацуу Л.Гүндалай гишүүн шатар нүүсээр. Би бээр гишүүний үүдэнд удтал хүлээв. Яг цайны цаг таарсныг хэлэх үү, ажлын цаг эхэлчихвэл гэх яаруу бодол хөлийн тушаа тайлж “Хожил хоёр тийшээ” гэсээр явж орлоо. Гишүүн “Бушуухан дуусаасай гэж хэлэв үү” хэмээн инээж, бидний яриа эхлэв.

 

-Зуд турханд малаа алдаж, хотоо харлуулсан малчдыг төрөөс малжуулах бодлогыг дэмжиж байна уу гэдгээс яриагаа эхэлье!

-Амьжиргааны эх үүсвэргүй болчихсон бол эх үүсвэртэй болгох нь төрийн үүрэг ээ. Малжуулсан нь зөв. Гэхдээ би, малжуулна гэхээр янз бүрийн мал аваад өгөх биш үнэхээр сүүний эсвэл махны чиглэлийн сайн үүлдрийн чанартай мал авч өгөх асуудлыг төрөөс хариуцаасай гэж хүсч байна. Мал маллах дуртай хүн байгаад мөнгөгүй, малгүй болсон бол малыг нь аваад өгөх, зээлээр өгөхөд буруудах юмгүй.

-УИХ-аар “Монгол мал” үндэсний хөтөлбөр баталлаа. Таны бодлоор хөтөлбөрт тусгагдсан оновчтой санал, шийдлүүд юу байв?

-Ямар ч байсан монгол малыг чанартай болгох, малын үүлдэр угсааг сайжруулах, мөн мал эмнэлэг, малын эрүүл мэндийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийг борлуулдаг ийм системтэй, мал, мах, сүү, ноолуур, ноосыг үнэд хүргэх энэ бүх бодлогыг баталж гаргасныг би зөв зүйтэй гэж үзэж байна.

-Та цаатай нутгийн түшээ. Цаа бугын аж ахуй эрхлэгчдийн талаархи мэдээлэл нийгэмд хомс. Өнгөрсөн жилийн зуднаар цаатнууд маань онд мэнд оров уу?         

-Цаа ер нь юунд хэрэгтэй юм бол. Би нарийн сайн мэддэггүй юм аа. Бид төхөөрөөд, хүнс болгоод байдаггүй. Цаатнуудад л хэрэгтэй байх. Түүнээс цаа буга Монголын нутагт нэг их сүрхий мал аж ахуй болохоор хэмжээнд хүртэл хөгжих хэцүү байх аа. Би Финлянд нутагт 4000 гаруй цаа байдгийг сонсоод, очиж үзсэн. Цаа замын хажуугаар л явж байдаг юм билээ. Ер нь өөрсдөө л өсчихсөн гэсэн. Хааяа л чарганд хөллөсөн явж харагддаг. Жуулчдад зориулсан гэхээс бусдыг нь мэдэхгүй юм аа. Би цааны талаар хэтэрхий бага мэдлэгтэй. Цаачин хүмүүс гэдэг чинь тувачууд. Тувачууд л ан хийж, өөрсдийгөө зөөдөг тээврийн хэрэгсэл юм болов уу гэж би ойлгосон шүү.  

-Эрүүл мэндийн салбар толгойлж байсан хүний хувьд малыг эрүүлжүүлэх талаар юу хэлэх вэ?

-Эрүүл байна гэдэг чухал. Ямар ч паразит, гэдэсний өвчингүй мал түргэн өснө. Тарга тэвээрэг ч хурдан авна. Хамуутай ч юм уу, ходоод, биеэрээ дүүрэн паразиттай хүн хэцүү. Хичээл ном, ажил төрлөө ч хийж чадахгүй. Мал бас тийм шүү дээ. Паразиттай мал ерөөсөө урагшаа явахгүй, арьс шир нь цоороод, тарга тэвээрэг авч, тайван тухтай ч байж чадахгүй. Тэгэхээр мал эмнэлгийг хөгжүүлэх нь маш чухал. Малын өвчин гаргуулмааргүй байна. Шүлхий гэх мэт өвчнүүдийг нам дармаар байна. Мал эмнэлэг, халдваргүйжүүлэлт, вакцинжуулалт маш чухал учраас төрөөс мөнгө гаргах хэрэгтэй.  

-Гадны орнуудын мал аж ахуйн хөгжлийн үндэс юунд байдаг юм бол. Та сонирхож үзэв үү?

-Том том фермерийн аж ахуйнууд байдаг юм билээ. Жижиг мал аж ахуй бараг байхгүй. Малыг чанартай, сайн өвс тэжээлийг нь бэлтгээд мах, сүүний чиглэлээр өсгөж үржүүлдэг юм билээ.

-Эрчимжсэн мал ахуйг түлхүү хөгжүүлнэ гэж ярьж байна?

-Харин тийм. Одоо тэр л чухал байхгүй юу. Жишээлбэл, баруунд адуу нэг их үржүүлдэггүй.

-Яагаад?  

-Адууны мах нэг их зарагддаггүй. Сүүг нь ч нэг их уудаггүй. Зөвхөн уралдаан, эсвэл аялал жуулчлалд, морь унуулах чиглэлээр морин тойруулга, мориор зугаалга хийх зорилгоор үржүүлдэг. Гэтэл манайх хоёр, гурван сая адууг зүгээр л байлгаад байдаг. Тэр нь бэлчээр талхлаж, түүнд малчин цаг заваа зарцуулж л байгаа. Унаа уналгад хэрэглэдэг, адуу байх ёстой нь мэдээж боловч тийм их байх шаардлагатай юу, мэдэхгүй юм.

-Таныг УИХ-д төлөөллөө болгосон иргэдийн өнөөдрийн амьдрал ямархуу байна вэ?

-Манай Хөвсгөл зудтай аймагт орсон. Мал ихтэй ч, нэлээн олон мал эрсдсэн. Иргэдийн амьдрал ахуй хүнд байгаа.

-Байгаль цаг уурын хүндрэл, нийгмийн хангамжийн асуудал хангалтгүй зэрэг олон шалтгаанаар орон нутгаас хот руу чиглэсэн их нүүдэл эцэс төгсгөлгүй үргэлжилж байна. Таны бодлоор үүнийг сааруулах ямар боломж байна вэ?

-Тухайн орон нутагт үйлдвэр, аж ахуйн газар олон болж байж л их нүүдэл саармагжина. Дэлхий нийтээр ерөнхийдөө төвлөрч хөгжиж байна. Тэгэхээр бид нүүдлийг саармагжуулах гэж зүтгэх хэрэггүй. Яах аргагүй эдийн засгийнхаа гольдролын дагуу яваа асуудал. Хөдөө нутагт үйлдвэр, аж ахуйн газар бий болохгүй байна. Тийм учраас тэр хүмүүс наашаа ирэхээс аргагүй. Сургууль, соёл боловсрол, эрүүл мэнд, эмнэлэг гээд дэд бүтэц сайтай хот суурин газар л хөгжил байна. Хөдөө суугаад байдаг, дэд бүтэц хөгждөггүй. Ер нь хөдөө рүүгээ тарж хөгжсөн улс орон дэлхий нийтэд нэг ч байхгүй, бүгд л хотдоо. Зарим хот 10, 20 сая хүнтэй. Сингапур, Гонконг гээд 4-5 сая хүнтэй атлаа манай нэг сумын газар нутгийн хэмжээтэй. Тэгж л амьдардаг. Тэгж амьдарч болдог л юм байна. Бид түүнийг тойрч гарахгүй байх аа. Тийм учраас би төвлөрийг сааруулах тухай боддоггүй. Хэрэгцээтэй газарт нь хөрөнгө оруулж, хөдөө нутагт ашигт малтмал, өөр ямар боломжууд байдаг юм, үйлдвэр аж ахуйн газруудыг нээж өгснөөр тэнд хүн тогтоно.

-Зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлж ч болох юм?

-Газар тариалан байж болно. Ер нь Монгол орны нутаг усны давуу тал юу байна вэ. Буга, зээрийн аж ахуй ч байгуулдаг юм уу. Тэр олон сайхан зээрийг нийлүүлээд нэг газар тавиад, өвс тэжээлийг нь өгөөд байвал нэг аж ахуй хөгжинө. Одоо хаа хаагүй давхиад л чононд бариулаад байгаа. Тэдгээрийг ашиглаад хөгжүүлэх талаар юу ч яригдахгүй байна. Ашиглаж болох юм гэж боддог. Зээр ашиг муутай байж магадгүй. Гэхдээ ургамал, амьтан бүх л юмаа яаж ашиглах вэ, яаж ургуулах вэ, яаж тарих вэ гэж бодох хэрэгтэй.

-Хөвсгөл энэ жил хэдэн га-д тариалалт хийв?

-Өө мэдэхгүй. Манай Хөвсгөлийн Тариалан, Их Уул, Рашаант, Эрдэнэбулган сумдад газар тариалан эрхлэдэг юм. Газар тариалан эрхлэлт нэлээд нэмэгдэж байгаа. Төрөөс дэмжиж туслахгүй л бол газар тариалан эрхлэх хэцүү юм билээ. Зөвхөн тариа, буудайгаа ургуулаад болчихно гэж бодож болохгүй. Тэрийг чинь хадгална, гурил болгоно, борлуулна. Дээр нь улс хямд будаа аваад гурилын үйлдвэрүүдэд нийлүүлээд байхаар нөгөө тариаланчдын хөдөлмөр талаар болчих талтай. Ер нь газар тариалан маш хүнд юм байна лээ.

-Яагаад?

-Монгол хүнд хэцүү улиралтай. Жилд нэг л удаа үр тариа авдаг. Гэтэл бусад орнууд гурав, дөрвөн удаа ургац авчихаж байна. Тэдний үнэтэй Монгол өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр манайх газар тариалан хөгжүүлэх зөв үү, буруу юу гэдгийг бодох хэрэгтэй. Жинхэнэ монгол хөрсөн дээр ургасан, ямар ч бордоо хэрэглээгүй, ямар ч шавьж хортон устгах химийн бодис хийгээгүй био тариа гэдгээрээ үнэтэй байж болно шүү дээ. Ашигтай хувилбараар тариалвал  зөв л байх. Бусад орны хувьд хэдэн зуун жил газар тариалан эрхлээд хөрс нь юм ургуулахаа байчихсан, төрөл бүрийн бордоо, хортон шавьж хэрэглээд үзээд байдаг. Манайд хортон шавьж нь бараг л өвөлдөө үхчихдэг. Тийм учраас манай Монголын буудай зуун хувь  экологийн, био буудай. Тэгэхээр түүнийг борлуулах, худалдаж авдаг зах зээл байна уу гэдэг асуудал байна. Одоо хүмүүс экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээдэг болоод байгаа.

-Та зовлонг нь мэдэрсэн байх нь ээ?

-Монголд газар тариалан хөгжүүлэх хэцүү юм билээ. Манай ах өнгөрсөн жил 200 га-д тариа тарьсан юм. Тэгээд л би тэр зовлонг мэдсэн дээ. Гол бэрхшээл нь борлуулалтдаа байсан. Хаанаа хадгалах вэ, хаана борлуулах вэ гээд олон асуудалтай. Улс худалдаж авахгүй л бол бариад үлдчих юм байна лээ.

-Танай нутагт алт ихээр олдож, байгаль сүйтгэгдэж байгаа мэдээ дуулдах юм?

-Нэг талаар байгаль сүйдэж байгаа нь үнэн. Нөгөө талаас хүмүүс амьдралаа залгуулж, өр зээлээсээ салж байна. Би хэлдэг юм. Байгаль сүйтгэж байгаа нь муу боловч бас тэгтлээ сүйдсэн юм байхгүй. Түймэр гараад хэдэн мянган га-гаараа шатдаг шүү дээ. Алт ухаж буй хүмүүс мод унагааж байгаа нь үнэн. Гэхдээ нэг их биш ээ, түлэх хэмжээнд л. Модыг бас ургуулж болно доо.

-Орон даяар мод тарих ажил өрнөлөө. Та хичнээн мод тарив?

-Энэ жил ганц хоёр мод тарьсан шүү. Би ер нь мод тарих бодолтой байгаа.

-Улсын баяр наадмаар морь сойв уу?

-Би морь уях дургүй.

-Таны бодлоор бяцхан хүүхдүүдээр морь унуулах зөв үү?

-Би ер нь хүүхэд морь унуулахгүй байх нь зөв гэж боддог. Жижигхэн биетэй, насанд хүрсэн хүнээр морь унуулахгүй юу. Өчнөөн мянган хүүхэд бэртэж гэмтэж байгаа. Өвөл ч тэр уралдуулаад, хэсэг хүн сайхан баярладаг. Морь уралдуулж байгаа, жийптэй том том нөхдүүдийн хүүхдүүд хурдны морь унахгүй л байгаа шүү дээ.

-Наадмын маргааш намар. Хадлан тэжээлээ сайн базаахгүй бол өнгөрсөн өвлийн гашуун зовлон тойрохгүй л байх?

-Ер нь малчид бүгд хадлангаа авъя гэж боддог байх. Хадлан ургаагүй, ган болсон бол яах вэ. Хадлантай газар залхуурсан бол нэг өөр. Манай нутгийнхан хадлангаа залхуурахгүй авдаг байх аа гэж боддог.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Монгол Улсын гавьяат мал зүйч, Тэмээн поло спорт уралдаан, аяллын холбооны гүйцэтгэх захирал Ц.Мижиддоржтой ярилцлаа. Бидний яриа тэмээний ач тус, түүнийг хайрлан хамгаалах хүрээнд өрнөв. Уншигч та таалан соёрхоно уу.

 

-Хоёулаа тэмээн аж ахуйн талаар яриагаа эхэлье. Монгол улс хичнээн тэмээтэй билээ?

-Монголын хоёр бөхт тэмээ таван төрлийн мал дотроо үнэхээр анхаарал татаж байна. Тоо толгой нь их цөөрсөн. Монгол улс 1954 онд бараг 900-гаад мянган тэмээтэй байсан. Тэр үетэй харьцуулахад тэмээний тоо одоо 3.6 дахин цөөрчээ. Зах зээлийн харилцаанд орсны дараахан буюу 2002 оны үед 500-гаад мянга байсан тэмээ хувьчлалаас хойш огцом унаж 254 мянга болсон. Нөгөө талаар тэмээг хүнсний хэрэгцээнд огцом ихээр хэрэглэсэн. Ялангуяа 1990-2002 онд хямд, арвин өөх тостой учраас Улаанбаатар, төв суурин газруудын хиаман цех, хуушуур цайны газрын хүнсний гол хэрэгцээнд их явсан. Мөн хувьчилсан учраас хүмүүс тэмээгээ зах зээлд худалдаад эхэлсэн. Дээр нь зүй бусаар 30-40 мянган тэмээ үрэгддэг, тором ботгыг нь чоно нохой иддэг. Үүнээс үүдэн зарлага нь орлогоосоо давсан учраас тэмээ хорогдох гол шалтгаан болж байна.

-Тэмээгээ хамгаалж чадаж байна уу?

-Сүүлийн үед тэмээ хамгаалах талаар ойлгож эхэлж байна. Тиймээс тэмээ өсч, байршлаа эргэх хандлагатай болж байна. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар 2002 онд тэмээ хамгаалах менежментийг санаачилсан. Монгол улс тэмээн пологоор дэлхийд анхдагч юм.

-Та полоны буянаар тэмээ өсч үржиж байна гэж хэлээд байна уу?

-Поло олон улсын анхаарал татдаг, улс орны хэтэвчийг зузаатгахад ихээхэн хувь нэмэр оруулдаг. Заан, морин, тэмээн гээд олон поло бий. 2002 оноос хойш найман жилийн хугацаанд үр дүнгээ өгч байна. Тэмээн поло багийн спорт. Дөрвөн хүн нэг баг болж, голдуу бага насны тэмээ унаж тоглодгоороо уналга эдэлгээнд сургах, спорт, аялал жуулчлал зэрэгт ашиглахад нэлээн түлхэц өгч байгаа. 2009 оны байдлаар тэмээ нэлээн өссөн.

-Хэдэн толгойгоор өсөв?

-2008 онд улсын хэмжээнд 266 мянган тэмээтэй байсан. 2009 онд 275 мянган тэмээ тоологдсон. Өнгөрсөн жил Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Ховд зэрэг 12 аймаг тэмээ өсгөсөн. Монголд тэмээг нүүдлийн зориулалтаар ашиглаж байгаа нь баруун аймгууд л юм. Баян-Өлгий, Увс, Ховд өвөл зунгүй нүүж, нуруу ачиж эдэлж хэрэглэж байгаа. Одоо хүртэл тэр нь хэвээрээ. Бусад аймгуудад газар нутаг нь бартаа саадтай, ус гол горхи багатай учраас машин хэрэглэдэг, тэмээ хэрэглэх нь багассан. Энэ нь тэмээ хорогдоход нөлөөлж буй бас нэг зүйл.

-Аль нутаг хамгийн олон тэмээтэй вэ?

-Өмнөговь шүү дээ. Өнгөрсөн онд 85500 тэмээ тоолуулсан. Намайг тус аймгийн дарга байх үед тэмээгээ өсгөж 92000 болгож байсан юм. Одоо 1996 оны тэр түвшинд хүрээгүй л байна. Тэмээ хамгаалах асуудал зөвхөн Монгол биш, дэлхий нийтийн анхаарал татаж байна. Хоёр бөхтэй тэмээ дэлхийд цөөрсөн. Казакстанд бараг алга болсон. Өвөрмонголд махыг нь маш их хэрэглэдэг болсноор тэмээний тоо нь уруудсан. Хоёр бөхт тэмээгээ авч үлдэх цорын ганц орон бол Монгол. Энэ нь Монголд хоёр бөхт зэрлэг тэмээ буюу хавгай одоо болтол оршсоор байгааг батлаад байгаа юм.

-Гадныхан хэр сонирхож байна вэ?

-Өвөрмонголд дэлгэрүүлсэн. Манай холбооноос хүмүүс очиж хоёр сар гаруй зааж сургасан. 2006 оноос тэмээн полоны наадам жил бүр зохион явуулж байна. Манай наадамд ч жил бүр Өвөрмонголын баг тамирчид ирж оролцдог. Тэгэхээр Тэмээ поло уралдаан зөвхөн Монголын төдийгүй олон улсын шинж чанартай болж байгаа юм. Энэ мэтчилэн бид гадагш нь тэмээтэй газруудад дэлгэрүүлж байна.

-Тэмээ хамгаалах чиглэлээр ямар ямар ажил зохиож байна вэ?

-Олон төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, манай холбоо 2008 оноос эхлээд тэмээн аялал, уралдаан, поло гэсэн спорт аяллын гурван чиглэлээр хариуцаж зохион байгуулдаг. Мөн тэмээгээ уналгад ачлагад хэрэглэж байсан нүүдэлчний уламжлалыг сэргээж, 2008 оноос хоёр үе шаттайгаар 1000 км-ийн тэмээн аялал зохион байгуулсан. Анхныхаа аяллыг Монголын хамгийн олон буюу 10 мянган тэмээтэй Өмнөговь аймгийн Ханбогд сумаас эхлэн Мандал-Овоо сум хүртэл нийт 5 сумыг дамжиж зохион байгуулсан. Мөн манай холбооноос Тэмээ хамгаалах хуулийн төсөл санаачилсан. Энэ хуулиа улам боловсронгуй болгох ажлыг хийж байна. Төслийг малчдаар хэлэлцүүлээд, тэмээн поло уралдаанаа сурталчлаад, тэмээ хамгаалах асуудлыг иргэддээ танилцуулсан. Хөдөөгийн хүмүүсийн талархлыг хүлээсэн.

-Тэмээний баяр хийх үү?

-2009 оны гурван сарын 8-нд Мандал-Овоод түмэн тэмээний баяр хийсэн. Энэ баяраар гараагаа хийж, Дундговийн Сайхан-Овоо, Өвөрхангайн Баянговь, Арвайхээр, Хужирт, Хархорин сумдыг дамжин мөн 500 гаруй км аяласан. Нийтдээ 1000 гаруй км тэмээн аялал зохион байгуулсан. Үнэхээр үр дүнтэй, чухал арга хэмжээ. Хангайн тэмээгүй газрын хүмүүст бүр их сонирхолтой арга хэмжээ болж байсан. Мөн Итали, Халимаг, Оростой хамтраад тэмээн аяллыг хөгжүүлж байгаа. Энэ арга хэмжээнүүдийг ирэх 2011, 2012 онуудад зохион байгуулна.

-Тэмээн уралдаан хичнээн удаа зохион байгуулав?         

-Улсын хэмжээнд 8 удаа зохион байгуулсан. Өмнөговьд 3, Дорноговьд 2, Дундговь, Өвөрхангай аймагт нэг нэг удаа, Улаанбаатар хотод 2007 онд зохион байгуулсан. Бид 2007 онд Сүхбаатарын талбайд анх удаа 100 тэмээний парад жагсаал хийсэн. Маш сүрлэг сайхан, нийслэлийн хөдөлмөрчдийн хиймрийг сэргээсэн. Иргэд ч талархан хүлээн авсан. Энэ 2010 онд улсын хэмжээнд Үндэсний спортын IҮ их наадам болж хаалтаа хийлээ. Бид 2-р байранд орсон. Энэ бүхэн манай хамт олны тэмээ хамгаалахад оруулж буй хувь нэмэр. Үр дүнгээ ч өгч байгаа. Тиймээс тэмээн поло, уралдаан, аяллыг улам боловсронгуй болгох, нөгөө талаараа Монгол руу аялал жуулчлал татах маш том боломж.

-Жуулчид говийн юунд дурладаг вэ?

-Гадны хүмүүс говьд хоёр бөхт тэмээ, элс, өвөрмөц байгалийг нь үзэж, тэмээ унах гэж ирдэг. Жуулчдыг татахад нэлээн түлхэц өгч байгаа. Мөн бид тэмээ хамгаалах бодит материаллаг үзмэр бий болгож байна. Энэ оны 22, 23-нд Өмнөговь аймагт Олон улсын бага хурал хийнэ. Энд манай Тэмээн поло спорт уралдаан, аяллын холбоо, Бактриан нийгэмлэг, ХХААХҮЯам, БОЯам хамтран зохион байгуулна. Гол сэдэв нь Их говийн экологи, Монгол тэмээний асуудал.

-Та тэмээний ач тусын талаар жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?   

-Тэмээний ач тус асар их ээ. Тэмээ бол таван төрлийн малын дотроос тос ихтэй сүү, торгон зөөлөн ноосоороо толгой цохидог амьтан. Таван кг ноос, саалийн хугацаанд 400 гаруй литр сүү өгнө. Тэмээний сүү сарлагийн сүүтэй бараг эн тэнцэхүйц тослогтой. Тэмээний сүү эрүүл мэндэд их ач холбогдолтой. Эзэн Чингисийн үед дайн тулаанд шархадсан, бэртсэн хүмүүсийг тэмээний сүүгээр эмчилж байсан. Чийг бам, үе мөчний өвчинд их сайн. Тэмээний сүү хадгалагдах чадвар сайтай. Халуун, дулаанд тээвэр даах чадвар өндөртэй.

-Хэр тэжээллэг вэ?

-Хүүхдийн хоол тэжээлд маш зохимжтой. Эхийн сүүний дараа орох чанартай. Ингэн сүүгээр тэжээсэн хүүхэд маш мяраалаг, сэргэлэн цовоо бойждог. Маш их тэжээлтэй. Хаврын цагт цагийн байдалд хүндрээд бог мал ид төллөх үед өвс тэжээлгүй, жилбэгүй төллөөд ирэхэд торомтой ингэ саалгаж л байдаг. Тийм учраас торомтой ингэнийхээ сүүг ашиглаад хурга ишгээ тэжээгээд малаа хорогдолгүй онд оруулж байсан мал аж ахуйн сайхан арга ажиллагаа монгол түмэнд л байгаа. Ялангуяа говийн бүсэд тэмээ өндөр ач холбогдолтой. Хүүхэд, төлөө тэжээнэ, өөрсдөө идэж ууна. Ингэний ааруул, борц(буцалгаа гэдэг) юугаар ч сольшгүй. Маш ховор, сайхан цагаа идээ. Уусан ч үхрийн сүү хөөрүүлээд уусантай адилгүй. Ааруул нь бусад малынхтай адил мод болтлоо хатахгүй.

-Хүч чадлыг нь хэрхэн ашигладаг уламжлалтай вэ?

-Тэмээний зүтгэх хүчний ашиг шим асар өндөр байлаа. Эзэн Чингис, Ардын засгийн үед ачаа тээврийн гол хүч тэмээ л байсан. Ноос, түүхий эдийг тэмээн дээр ачаад, Хатгал, Улаанбаатар гээд гадагш дотогшоо тээдэг. Хүн малынхаа хэрэгцээ гурил будаа, идэж уух өмсөх зүүхийг тэмээн жингээр тээнэ. Жин тээнэ гэж том ажил байлаа. Ялангуяа говь хээрийн бүсэд.

-Ноосны тухайд юу хэлэх вэ?      

-Торомны ноос ямааны ноолуураас бараг ялгаа байхгүй. Нарийхан, зөөлөн, дулаан. Торомны ноосоор маш тансаг бүтээгдэхүүн хийж болно. Дээр үед ботгоны арьсаар хүмүүс булганы зиндааны үстэй малгай хийж өмсдөг байлаа. Тэмээний ширээр сав, ховоо, гутлын ул, ширэн эдлэл гээд бүх төрлийн юм хийнэ. Ясыг нь сүүнд чанаж зөөлрүүлээд гоёл чимэглэл, хэт хутганы шигтгээ зэрэг урлалын зүйл хийдэг. Заасны яснаас дутуугүй, их чанарлаг. Тэмээнд хаях юм байхгүй. Нэг тэмээ жилдээ нэг тонн хоргол гаргаж, түлш бэлтгэдэг эдийн засгийн ач холбогдолтой. Өнөөдөр “Гоёо” үйлдвэр тэмээний ноосоор бүтээгдэхүүн хийж, гадаадад гаргаж байна.

-Яагаад нийгэмд тэмээний тухай мэдээлэл хомс байна вэ?

-Тэмээ гэдэг сэдвээр биеэ даасан мэдээлэл ховор. Тэмээгээр ажилладаг Цэвээн, доктор Лувсан гэж хүн байлаа. Тэмээний төлөө гэсэн хүн олон байна. Хамгийн харамсалтай нь тэмээг ямааны дайтай ч болов үнэлэхгүй байна. Тэмээний ноос, сүү хоёроор л өртгийг нь өндөржүүлэх хэрэгтэй. Тэгвэл тэмээ хамгаалагдана. Одоо бол тэмээг мах, өөхний арвинд нь болоод нядлаж ашигладаг. Үүнийг бид зөв ойлгуулж, бизнесменүүд, үйлдвэр, яамдад бодлогоор ойлгуулж, тэмээний ноос, сүү боловсруулдаг үйлдвэрүүдийг хөхиүлэн дэмжиж, экспортын чанарлаг бүтээгдэхүүн хийх юм бол тэмээг хамгаална. Орон нутагт тэмээний ноос, ноолуурын чиглэлийн жижиг дунд үйлдвэрүүдийг маш өргөн хүрээтэй хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр малчдын амьдрал ч дээшилнэ. Бид Тэмээний хуульд энэ тухай оруулж байсан.

-Юу гэж оруулсан бэ?

-Жилд нэг ботгонд онд орсны дараа 5000 төгрөгийн урамшуулал өгдөг болъё. Тэгвэл 20 ботго бойжуулсан юм чинь 100 мянган төгрөг болох жишээтэй. Бас урам шүү дээ, тэмээчиндээ. Манай Өмнөговийн Батбуян гэж 600 гаруй тэмээтэй малчин байна. Жилдээ 100 шахуу ботго бойжуулдаг. Тиймээс ийм үйлдвэрлэл, ноос ашиг шимийг нь түшсэн үйлдвэрийн бодлогоор тэмээгээ хамгаална. Хамгийн гол нь тэмээнээс гарч буй ашиг шимийг жинхэнэ үнэ цэнтэй, хүний эрүүл мэндтэй холбоотой бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. “Монгол бактриан нийгэмлэг”-ийнхэн тэмээний сүүний тосноос гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж авсан, одоо хэрэглэгдэж байгаа. Тэгэхээр тэмээнд хоол хүнснээс гадна гоо сайхны чанарлаг зүйл байна. Тиймээс тал талаасаа тэмээндээ анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй.

-Хэр ухаалаг вэ?

-Их ухаантай. Үнэхээр мэдрэмжтэй. Сайхан амгалан, маш зөөлөн сэтгэлтэй, их уяхан. Тэмээг ботгоо хөхүүлэх ч юм уу, ботгыг нь авахуулах зэргээр сайхан хөөслөдөг хүмүүс байсан. Тухайлбал, Манлай сумын Хүүхэндүү гэж байсан. Хоёр ч кино, бичлэг нь бий. Та бүхэн үзэж болно. Хөөслөхөд тэмээний нулимс бөмбөрөөд, уяраад өөр ботгыг өөрийн болгон хөхүүлж авдаг. Нэг бол малчин хүнийг өөрт нь ээнэгшүүлэх, хайрлаж саалгадаг болгох жишээтэй. Орой гэрийн гадаа гунганаад зогсоод байна. Саасны дараа санаа нь амраад өвсөн дээрээ хэвтээд, налаад байж байх жишээтэй. Тэмээ цаг агаар сайн мэдэрнэ. Их хүйтэн, үргэлжилсэн шуургатай өдрүүдэд барагтай бол босохгүй. Ерөөсөө л хэвтээд өнжинө. Хоёр бөх нь маш их өөх хуримтлуулсан нөөцтэй байдаг учраас ус уухгүй олон хоног байж чаддаг. Зуны халуунд нэг уухдаа 60-80 литр ус ууна. Тэмээ олонтой нэгдлийн малчид худаг дээр тэмээ услах гэж ядардаг л байсан. Сугаа холготол ховоо татдаг байлаа.

-Тэмээнд бусад малыг бодвол өөр ямар онцлог байдаг вэ?

-Тэмээ жил өнжиж төллөдөг онцлогтой. Тэмээ 13 сар хээлээ тээдэг, 17 сар сүүгээ саалгадаг.

-Төрөөс тэмээ хамгаалах талаар баримталж буй бодлого гэвэл?   

-Яахав дээ, түрүүчийн нийгмийн үед тэмээнд их анхаарал тавьж байсан. Тэр үед тэмээг төрөлжүүлж нэг ёсондоо мэргэшсэн хүмүүс малладаг байлаа. Тэмээчдийн зөвлөгөөн хийж, туршлага солилцуулна. Одоо дорвитой арга хэмжээ алга. Малчин төрөлжихгүй, айл бүхэн бараг таван төрлийн малтай болсон учраас улсын сайн малчин гэдгээр жаахан урамшуулж байх шиг байна. Өөр дорвитой юм байхгүй дээ. Ямар сайндаа бид ботгонд жилд мөнгө өгч байя гэх вэ. Ямаанд 30 тэрбум төгрөг өгсөн. Түүнээс 6-хан хувь буюу 140 гаруй сая төгрөгийг тэмээнд өгчихөд одоогийн ботгонд хэдэн жил хүрэлцэхүйц байхгүй юу. Уг нь бэлчээр сүйтгэдэг ямаанд өгснөөс тэмээнд зориулсан бол илүү зөв байх байсан. Буруу бодлого барьсан. Манай төрийн бодлого ер нь тэгж яваа.

-Залуу тэмээчин олон уу?

-Одоо тэмээчин гэж ярих хүн бараг байхгүй. Малчид залуужсан. Тэмээ ер нь 30 гаруй насладаг амьтан. Амьдралынхаа хугацаанд ингэн тэмээ 12-13 ботго өгнө. Манай Монголд тэмээний нутгийн гурван омог бий, үүлдэр гэж байхгүй. Өмнөговьд хоёр омог бий. Ханын хэцийн хүрэн, Галбын улаан тэмээ гэж. Хоёр өөр. Ноос, зүс, төрх байдлаараа ялгаатай. Говь-Алтай аймагт төгрөгийн Хос зогдорт тэмээ гэж бий. Энэ гурван омгийнхоо тэмээг нэлээн батжуулах, өөр хооронд нь үржил селекцийн ажил явуулж, чанар чансааг нь сайжруулах шаардлагатай гэж хувьдаа бодож явдаг. Өвөрмонгол манай буур, үржлийн тэмээг их сонирхож байна. Монголчуудаас буур, ингэ худалдаж авъя гэсэн асуудал тавьж байгаа. Үүнийг ХХААХҮЯам нэлээд анхаарч байгаа байх.  

-Та тэмээ судлаач уу?

-Би малзүйч л дээ. Монгол Улсын гавьяат мал зүйч. Багадаа тэмээ хариулж, ботго торомтой ноцолдож өссөн. Тэмээний зовлон, жаргалыг мэднэ.

-Тэмээний зовлон гэхээр сонин санагдлаа?

-Одоо л зовлон нь гарах гээд байх шиг байна(инээв.сур). Хамаагүй сүйтгэж байна. Усаар гачигдаж, унд нь ховордож байна. Ялангуяа говийн нутагт бэлчээр амин чухал асуудал боллоо. Эзэнгүй тэмээ зовно, эзэнтэй тэмээ жаргана. Манайд тэмээ нэг хэсэг эзэнгүйдлээ. Малчдад тараагаад өгсөн, зарим нь эзэн болж чадсангүй. Хэдхэн хоногт үрэн таран хийгээд дуусгасан улс зөндөө. Тэр хүйтэн сэтгэлтэй малчид дууссан. Одоо тэмээтэй байгаа малчид шалгарч үлдсэн нь. Тэмээг мэддэг, хайрлаж чаддаг, ашиг шим өгөөжийг нь мэдэрсэн хүмүүс.

-Зуд турханд тэсвэртэй биз?

-Нэг жил бүрэн хүчээ авсан тэмээ хоёр жил ажрахгүй. Тийм учраас өнгөрсөн жилийн зудад тэмээ бараг хорогдоогүй.

 

Ийн бидний яриа өндөрлөв. Хангайн бүсгүй би бээр тэмээний сүү уудаг эсэхийг мэдэхгүйдээ багагүй ичсэнээ нуух юун. Гэвч энэ нь бидний үеийнхэнд тэмээний талаархи мэдлэг хомс, нийгэмд мэдээлэл дутмаг байгааг гэрчлэх буюу.

Газар тариалан, мал аж ахуйн мэдээ

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (1)

Хүний хөл хүрэмгүй онгон тайгыг эзэлдэг, үндэсний цөөнх цаатнуудын амьдрал хүндхэн байгаа. Гэвч Монгол улсын цаа бугын тоо 1021-д хүрсэн нь яах аргагүй тэдний гавьяа мөн. Судалгаагаар цаа буга жилд 20 хувиар өсөх хандлагатай тооцоо гарчээ. Сүүлийн 30-аад жилд цаан сүрэг ингэж өсөөгүй юм байна. Энэ нь цаатан иргэдийн хувьд том ололт юм.

НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газраас Монгол улс үндэстний бүрэлдэхүүний хувьд казах, цаатан гэсэн хоёр цөөнхтэй хэмээн тодорхойлсон. Өнөөдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг, баруун зүүн тайгад 54 өрхийн 237 цаатан цаа бугаа маллан аж төрж байна. Тооны хувьд цөөн, мөхөж устах аюулын ирмэг дээр байгаа цаатнууд амьдралын уламжлалт хэв маяг, аж ахуй, соёлоо хадгалан цаг үетэйгээ хөл нийлүүлэн амьдрахыг эрмэлзсээр буй.

Тэдний үр хүүхдээ англи хэлтэй болгохоор тэмүүлж байгаа нь сайшаалтай. Цаа бугын аж ахуй бизнесийн ашиг орлого өндөртэй болохыг харж чадсаныг нь ч магтахгүй өнгөрч болохгүй нь. Урд бид цаатнууд болж бүтэхгүй байна хэмээн ярьдаг байв. Тэгвэл цаатнууд маань өнөөдөр ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж, үр хүүхдээ сургууль соёлд сургахыг илүүд үздэг болжээ.

Солонгос, япончууд цаатнуудын аж амьдралаар кино хийнэ хэмээн тэднийг нэг тайгаас нөгөө рүү нь нүүлгэх, амьдралынх нь бараан талыг илүү тусгах зорилго агуулах тохиолдол цөөнгүй байдаг аж. Хамгийн гол нь тэдний ахуй амьдралыг өөд татах асуудал төрийн болон бусад байгууллагууд, бизнесийнхний анхаарууштай асуудал болжээ.

Анх цаа буга тархсан Скандинавын орнууд, Швед, Норвеги, Финлянд, Америкийн Аляск зэрэг нутагт цаа малладаг хүмүүсийнхээ амьдралыг маш өндөр түвшинд авч үздэг байна. Манай Засгийн газраас 2007-2015 онд хэрэгжих “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” 634 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ хөтөлбөрт олон нийтийн болон бизнесийн байгууллагууд хүчээ нэгтгэн ажиллавал илүү үр дүнтэй юм. Ер нь малын эмч, зоо техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж ажиллуулвал 2020 он гэхэд цааны тоо толгойг 5000-д хүрэх боломжтой ажээ. Өнөөдөр цаатнуудад тулгараад байгаа гол бэрхшээл нь орлогын хомсдол. Малчидтай адил малынхаа түүхий эдээр орлогоо орлуулах нь ховор.

Тэд ан аваар хоолоо залгуулдаг байж. Гэтэл хуулиар ан агнахыг нь хоригложээ.

Хасах 50 хэмийн хүйтэнд урцанд амьдардаг цаатнуудын жуулчны цагаар олдог цөөхөн төгрөг л жилийнх нь орлого болдог байна. Хамгийн дээд тал нь нэг өрх 100 доллар жилд олдог ажээ.

Тэгэхээр цаачид өөрсдөө “Цаачин төв” байгууллага байгуулан, очсон жуулчдаас мөнгөө хурааж, дээр нь дундын сангаа арвижуулаад, орлого хуваан авч байх эрх мэдлийг нь өгвөл орлогоо бүрдүүлэх гол эх үүсвэр болохыг зарим хүн санал болгож байна. Ингэж орлого ашгийг нь зохицуулж өгвөл мөхлийн ирмэгт тулаад байгаа үндэстнээ аврах боломж бидэнд бий.

Социализмын үед АИХ-ын бүтцэд залуучууд, үндэсний асуудлын комисс цаатнуудын амьдралын түвшин Монголын дунд түвшнээс хоцрохгүй байх, ажилгүйдэлгүй, сургууль завсардсан хүүхэдгүй байлгах асуудлыг хариуцан ажиллаж байсан аж.

Одоогоос 19 жилийн тэртээ цаатан иргэд Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумын нэгдэлд ажиллаж, үр хүүхдийнх нь сургууль завсардалт арилж, өндөр настнуудад нь мөнгөн тэтгэлэг олгож байжээ. Тухайн үед 16 өрх л тайгад цаагаа маллан амьдарч байсан гэдэг.

Монголын цаа 1975 оны 11 сард 2280 хүрсэн нь энэ сүргийн дээд оргил болжээ. Гэтэл тухайн үед төрийн хэвлэл дээр “цаа буга нэгдэлд ашиггүй” мэдээлэл гарч жилд 500-600 хүртэл толгойгоор нядалсны уршгаар дөрвөн жилийн дараа цааны тоо толгой 700 болтлоо хорогдож, цаа маллагч айлуудын цалин хөлс буурч, амьдралын түвшин нь доогуурт орсон байна. Нэг өрх 120-200 цаа маллаж байх үед цаатнуудын амьдрал хангалттай түвшинд, харин нэг өрхөд 40-80 цаа оногдох болсон цагаас амьдрал нь эрс доройтжээ.

Өнөөдөр цаатны долоон хүүхэд их дээд сургуульд сурдгаас тав нь төрөөс төлбөрийг нь “дааж чадахгүй” байгаагаас жилийн чөлөө авсан байна. Цаатнуудын дунд сургууль завсардалтын асуудал анхаарал татаж байгаа аж. Тэд Хөвсгөлийн тайгад баруун, зүүн болон хуваагдан нутаглаж сургууль, эмнэлгийн бараа харахын тулд наад зах нь 50 км газар явдаг байна.

Зах зээлийн шуурганаар цаачид цааныхаа цусан эврийг авч орлого болгодог байсан бол эдүгээ ясан эврээр нь сийлбэр хийж худалдах болжээ. Төгсөлд нь цааны аж ахуй аялал жуулчлалын маш үр дүнтэй хэлбэр гэдгийг харж анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэйг дурдъя.

Д.Туяа

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (2)

Бид энэ удаагийн зочноороо Дархан-Уул аймгийн Гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Э.Эрдэнэбаярыг урьж ярилцлаа.

 

-Та хэдийнээс газар тариалан эрхлэж байна вэ? Энэ жил хэдэн га-д тариалав?

-1980 оноос хойш газар тариалан эрхлэж байна. Энэ жил 450 орчим га-д тариалсан. Ямар ч байсан 600, 700 тонн будаа авчих байх.

-Ургацын байдал ямаршуу байна?

-Нэлээд тааруу байна. Сая би Төв, Булган, Сэлэнгээр яваад ирсэн. Булган, Төв аймгийн хувьд ургац маш сайн, харин Сэлэнгэ ургац жаахан алдаж магадгүй.

-Гурилын үнэ нэмэгдэх сурагтай. Гурил үйлдвэрлэгчийн хувьд ямар бодолтой байна вэ?  

-Зах дээгүүр жаахан явлаа. Гурилын үнэ нэмэгдэх шинжтэй. Энэ жил улаан буудайн борлуулалт их муу байгаа. Хоёрдугаар гурил ер борлохгүй байна. Хил хамгаалах газар, Батлан хамгаалах яам гээд бүгд авахаа байчихсан. Хятад руу зах зээл хайгаад явсан болдоггүй. Хойд Солонгосын Элчин сайдын яаманд хандсан. Дээж аваад явсан, хариу нь ирсэн. Авна гэсэн. Гэхдээ хил давсан хойно мөнгөө өгнө гэхээр нь айгаад больчихлоо.

-Өөр ямар төрлийн ургамал ногоо тариалав?

-Энэ жил 23 мянган га-д рапс тарьсан шүү.

-Байгаль цаг уурын байдлаас шалтгаалж хөрш орнууд ургац алдах мэдээлэл байна. Тийш нь будаа нийлүүлэх ч юм уу, ямар нэгэн байдлаар энэ боломжийг ашиглах хэрэгтэй болов уу?

-Сая Орос, Казакстан хоёр улаан буудай, тэжээлийн будаа, гурил гаргахыг хориглосон. Хятад, Казакстанд ган болж байна. Хятадад үер бууж байгаа зэргээс шалтгаалж энэ жил будааны ханш их өснө. Долоо, найм хоногийн өмнө Оросын гурил нэг тонн нь 330 мянгаар орж ирдэг байсан. Гэтэл өнгөрсөн дөрөв дэх өдөр 420 мянгаар орж ирж байна. Огцом нэмэгдсэн байгаа биз. “Алтан тариа” ХК 20 төгрөг, Улаанбаатар ХК 25 төгрөгөөр гурилын үнээ нэмсэн.

-Яагаад нэмсэн талаар сонирхов уу?   

-Цэвэр бохир усны зардлын үнэ нэмэгдсэн байна. Ер нь будааг 100 хувь угааж цэвэрлэдэг л дээ. Айхтар нэмэгдэлт биш. Засгийн газарт хандаж хэлэхэд 2-р гурилын борлуулалтад гойд анхаараач ээ. Өнөөдөр зөвхөн Дарханд 565 тонн буюу 11 чингэлэг 2-р гурил бэлэн байна. Мөн ноднингийн будаа борлогдоогүй байна. Будааны хувьд агротехнологио барьж өгөхгүй юм. Энэ дээр тариаланчид анхаармаар юм.

-Ийм шүүмжлэл хэлэх болсон шалтгаан юу вэ?

-Бордоо, хороо хэмнэдэг учраас сайн ургац авч чадахгүй байна. Цаг хугацаанд нь бордоогоо хийдэг, хороо цацдаг байвал хөрс илүү юм өгнө. Тэгэхгүйгээр газар булаад санаа амар юм авна гэвэл одоо хэцүү болсон.

-Таныг хүмүүс “гурилын Эрдэнэбаяр” гэдгээр илүү таньдаг юм билээ?

-(инээв.сурв) Анх Дархан хотын Гурилын үйлдвэрийн мастераар ажиллаж байсан. Би гурилын технологийн инженер. Тэр цагаас хойш гурилтай холбоотой ажилласан. Миний овог Энэбиш. Гадуур дандаа “гурилын” Эрдэнэбаяр гэж ярьдаг. Ерөөсөө Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ, Төв аймагт намайг энэ л нэрээр мэднэ.

-Одооны гурилын чанарын талаар та юу хэлэх вэ?

-Социализмын үед хүчээр азотын бордоо, гербицид гэхчилэн бүхнийг цаг хугацаанд нь хийдэг байсан болохоор чанартай ургац авдаг байсан. Өнөөдрийн гурилын чанар гайгүй ч үрээ зайлшгүй шинэчлэх хэрэгтэй. Үр шинэчлэлийн талаар Гунгаадорж гуай нэг хэсэг явсан. Өөлд гуай Үр шинэчлэлийн холбооны даргаар ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас санхүүжүүлсэн Баяжуулсан гурил хийж байна. Чанарын хувьд сайн. Төсөл нь хаагдаад, баяжуулдаг бодис нь үнэтэй орж ирдэг болсон учраас жижиг үйлдвэрүүд авч чадахаа байчихаад байна.

-Олон жил гурилын технологийн инженер хийсэн хүний хувьд “шоовдорлогдоод” байгаа 2-р гурилын тэжээллэг чанарын талаар манай уншигчдад товч ойлголт өгнө үү?

-Хоёрдугаар гурил ходоодонд өнгөр суулгана. Илчлэг чанартай. Бодисын солилцоог сайжруулдаг. Ер нь 2-р гурил идэж өссөн хүн барагтай бол өвдөхгүй дээ. Ходоодны өвчин тусахгүй. Гэхдээ сүүлийн үед хүмүүс хар гурилын талхыг биед хэрэгтэй болохоор авч байна аа.

-Та 2-р гурил хэрэглэдэг биз?

-Байнга хэрэглэдэг. Хоёрдугаар гурилын талх, мантуу, боорцог ямар сайхан билээ. Манайхан их тансаг болчихож. Дан нэгдүгээр, дээд гурил хэрэглээд. Эд чинь жинхэнэ ходоодны дайсан. Би 2-р гурил борлуулах гэж Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, Гахайн завод, Хил хамгаалах ерөнхий газар, Батлан хамгаалах яам гээд олон газраар явсан. Авахгүй болохоор нь бүр гайхаад УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Батж.Батжаргал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Гантулга нартай уулзлаа. Борлуулах зах зээлээ л ол гэсэн. Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, харин зах зээлийн борлуулалтыг нь төрөөс хийгээд өгчихдөг баймаар юм. Тийм механизм хэрэгтэй.

-Ямар ч зохицуулалт байхгүй юу?

-Байхгүй. Үйлдвэрлэгчид бор зүрхээрээ л яваа. Ноднин Засгийн газар хүртэл биднийг хуурсан. Тонн будааг 330 мянгаар авна гэж гарын үсэг зурж, тамга даран гэрээ хийж баталгаажуулсан. Ид ургацын үед болилоо, 290 мянгаар авбал авна гэсэн. Тэр үнээр нь өгсөн. Бас урамшууллын 80 мянган төгрөг өгнө гэж гэрээ хийсэн. Өгсөн нь 60 мянга. Засгийн газар ингэж хулхидаад байхад бид яаж ажиллах вэ. Хэцүү шүү дээ. Бид өөр хэнд итгэх билээ.

-Улсын хэмжээнд гурил тэжээл үйлдвэрлэдэг хичнээн аж ахуйн нэгж байдаг вэ?  

-Манай Дарханд том, жижиг нийлсэн 212 үйлдвэр байсан юм. Сайн муу, хогтой гэх мэтчилэн хэлэгдэж хумигдсаар одоо 10-аад үйлдвэр үлдсэн. Технологийн хувьд бүрэн шинэчлэгдсэн. Угааж цэвэрлэдэг технологийн шугамаараа ажилладаг.

-Социализмын үед будааг яаж угаадаг байв?

-Дархан хотын Гурилын үйлдвэрт нэг ширхэг будаа гурил болохын тулд угаана, хатаана, сэнсдэнэ, хэвтүүлж, амраана гэх мэтчилэн технологийн 33 км зам туулдаг. Ээлж бүхэнд орос мэргэжилтэн зөвлөж ажиллана. Манай ээлжинд хоёр орос ажилладаг байлаа. Нэг нь тариа, нөгөө нь тээрэмдэлтээ хариуцдаг байсан.

-Одоо гурилын мэргэжилтэн ховор болсон байх?

-Гурилын мэргэжлийн боловсон хүчин бараг үгүй боллоо. Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжилтэн бараг байхгүй байна. Бидний үеийнхэн бүгд гавьяаныхаа амралтад гарсан. Гэхдээ гурилын чадалтай мэргэжилтэн зөндөө байна. Гуч, дөч гарсан гээд ажил олдохгүй. Будаа тариа, гурилын мэргэжилтэн байх сайхан шүү. Өгөөжтэй.

-Царвантай гурил их байна гэж ярих юм. Хүний биед хортой юу?

-Тийм. Жаахан царвантай гурил гараад байгаа. Бордоо, хороо хугацаанд нь нормоор хийчихвэл шал өөр болно. Царвантай гурил хоргүй л дээ. Үнэр, амт нь л гэхээс хоолой өвддөг хүн идчихэд зүгээр (инээв.сурв).

-Зах зээлийн шилжилтийн ид үед урд хөршөөс чанар муутай, ясны гэх мэт гурил их орж ирсэн. Одоо орж ирж байгаа болов уу?

-Одоо Хятадаас орж ирэхээ больсон. Хятадад химийн бодисоор бордож хүчээр ургуулдаг. Хажуугаас нь тариа, элдэв бодис хийгээд ургуулж байгаа юм. Хичнээн сайхан том боловч идэхэд шим тэжээл байхгүй. Улаан буудайн хувьд ч ялгаагүй, хүчээр бордож жилд хоёр ургац авдаг. Гаргасан гурил нь жаахан бараан болуут цагааруулдаг бодис хийчихдэг юм. Тэр бодис нь Монголд орж ирсэн. Одоо харин харагдахаа байчихаж.

-Та гурил үйлдвэрлэгч нарын “Алтан тариа”-д таагүй ханддаг шалтгааныг мэдэх үү?

-“Алтан тариа”, “Улаанбаатар” хоёр жаахан монопольдоод байгаа. Яахав дээ, Засгийн газраас будаагаа гэрээ хийгээд хөнгөлөлттэй зээлээр авчихдаг юм билээ. Өнгөрсөн намар болсон явдлыг яръя. “Буудай сан”-гийнхан будаагаа авъя гээд очиход “Алтан тариа”-гийнхан “Бид мэдэж байна” гээд Төв аймгийн нэлээн олон хүнийг буцаагаад, их хорогдол хийсэн. Зарим будаанаас бүр 30 хувь хүртэл хорогдол хийсэн. Зуун кг будааны 30 гаруй кг-ыг “Алтан тариа”-д зүгээр “бэлэглэсэн”. Тэрнээс болж Төв аймгийнхан өргөх бичиг бариад нэлээн юм болсон ч ашиг олоогүй.

-Төв аймгийн 2010 оны Тариаланчдын зөвлөгөөн дээр тариаланчид “ХХААХҮЯ-ыг шүүмжлэхээр хавчдаг” гэсэн гомдол хэлж байсан. Ер нь яамны бодлого амьдралд нийцдэг гэж боддог уу?

-Өөрсдөө импортыг дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын нэгэн хүртэл тэглэнэ гэж ярьсан мөртлөө цаагуураа эрх мэдэл бүхий хүмүүс маш их гурил оруулж ирж байна. Өнөөдөр гурил, будаа борлохгүй байна. Борлохгүй болохоор тарих сонирхол ч байхгүй болж байна.

-Ямар аргаар борлуулах боломжтой вэ?

-Төр засаг бодлогоор дэмжээд импортоор орж ирж буй тариа, будаа, гурилын асуудлыг л цэгцлэх хэрэгтэй. “Үдийн цай” хөтөлбөр, сургууль эмнэлэгт дотоодын үйлдвэрийн гурил авч хэрэглэ гэдэг ч юм уу, ямар нэг дэмжлэг үзүүлэх ёстой. Том үйлдвэрүүд жижиг үйлдвэрээ шахаад, ажиллах нөхцөлгүй болгож байна.

-Жижиг гэлтгүй нэг үйлдвэр хаагдуут ажилгүйдлийн тоо нэмэгдэнэ дээ? 

-Дарханы нэг гурилын үйлдвэр доод тал нь 25 ажилтантай. Тэдний ард хэдэн хүн байгаа билээ. Борлуулдаг, зөөдөг гэх мэтчилэн олон хүн ажлын байргүй болдог. Хүмүүс над руу утасдаж байна. Яах вэ, гурил борлохгүй байна гэж. Монголд гурил шиг үнэгүй юм алга. Түүнээс гадна Засгийн газар ченжүүдийн асуудлыг цэгцлэх цаг болжээ. Бидний тарьж ургуулсан будаа, гурилыг 300 төгрөгөөр аваад, буцаагаад 700-800 төгрөгөөр зардаг. Бидний ургуулсан төмсийг 200 төгрөгөөр аваад 800-гаар зарж байх жишээтэй. Бүтэн хаваржин уринш хийгээд зовж байж авсан төмсөө кг-ыг нь 200 төгрөгөөр өгч байхад хэд дахин өсгөөд зарж байна. Ямар ч үйлдвэрлэл явуулахгүй, ганц атга шороо булахгүй, бидний хөдөлмөрийг мөлждөг.

-Жил бүр “Намрын ногоон өдрүүд” зохиогддог. Хэр өгөөжтэй арга хэмжээ вэ?

-Байнгын болговол сайн. Төрөлжсөн захтай байхгүй бол ченжүүд чинь бөөнөөр нь аваад. Инээдтэй, өнгөрсөн намар Сэлэнгэд килограммулаан лууван 60 төгрөг, Дарханд килограммтөмс 100 төгрөг байсан. Нөгөө ченжүүд чинь үйлдвэрлэгч нараас аль болох буулган килограммыг нь 50-70 төгрөгөөр авч, энд авчраад 800-900 төгрөгөөр зарна. Агуулах савгүй учраас бушуухан өгдөг. Би 2500 га-д төмс тарьж үзсэн. Бүтэн жил, зунжингаа ургуулаад, ургацаа хурааж аваад, энд авчирч ченжүүдэд килограммыг нь 200 төгрөгөөр өгөөд дуусгасан. Ченжүүд 500-600 төгрөгөөр зарж байна лээ.

-Газар тариалан, өрхийн аж ахуйн чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг. Үйлдвэрлэгч нартаа хэр өгөөжтэй байдаг вэ?

“-Атрын III аян”маш зөв арга хэмжээ болсон.Техник хэрэгслийг шинэчилж байна. Хамгийн гол нь боловсон хүчний асуудал л хүндрэлтэй байна. Наад зах нь II аяныгамжилттай дуусгасан техник технологийн ажилчдыг залгаж ажиллах хүчин алга. Газар тариалангаа мэддэг хүн ховор болоод байна. Сүүлийн үед мэргэжилтэй хүн биш, мөнгөтэй хүмүүс газар тариалан руу их орж байна. Чадвартай хүмүүс нь хөрөнгө мөнгө байхгүй. Зээл авъя гэхэд баталгаагүй. Хэдэн улаан төмрийг чинь авах газар олдохгүй. Хөдөөний газар тариалангийн талбайг банк барьцаанд авахгүй. Сумын төвийн айлын хашаа байшингтоохгүй. Ийм ийм хүндрэлтэй асуудлаас болж мэргэжлийнхэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэж чадахгүй байна.

-Газрыг 60 жилийн түрээсээр эзэмших ёстой бил үү?

-Тийм. Нэг га газрын түрээсийн төлбөрт жилд 600 орчим төгрөг төлдөг. Хэрвээ үйлдвэрлэгчид өөрт нь эзэмшүүлээд, банкны баталгаат барьцаанд тавьдаг бол авсаархан жижиг газар тариалангийн аж ахуйн нэгж хөгжих бололцоо байгаа юм. Би гэхэд одоо хүний газарт тариалж байна. “Ургацын далай” холбооны Содхүү гуай уг нь санаачилсан юм даа. Газрыг эзэмшүүлж, банкны барьцаа болгодог болъё. Тийм хууль гаргаач ээ гэж. Цаадуул нь дэмжиж өгөхгүй байх шиг байна. “Атрын аян”-ыг Содхүү, Бямбаноров гуай хоёр санаачилж, С.Баяр сайдад санал тавьж, Засгийн газрын хуралдаанаар оруулж байж эхлүүлсэнюм. Энэ хоёр хүнд баярлаж явах хэрэгтэй. Тэд л зүтгээгүй бол С.Баяр мэдэхгүй шүү дээ.

-Тариаланчдын төлөө санаа тавьдаг гэж ойлгож болох нь ээ?

-“Ургацын далай” тариаланч бидний эрхийг хамгаалдаг цорын ганц холбоо.Яам бол зүгээр нэг худалдан авагч.

-Энэ жил будааны үнэд өөрчлөлт орох болов уу?

-Ядаж хавар нэг багцаа гаргачихдаг байвал. Одоо өдийд долоо, найман сард багцаа гарчих ёстой. Интернэт ороод дэлхийн зах зээл судлаад тэр орчим байж болох юм байна гээд урьдчилсан мэдээлэл өгч болох юм. Бид одоо хэдээр авах гэж байгааг нь мэдэхгүй“нүдэн балай чихэн дүлий”гэгчээр будаагаа тарьж байна. 

-Албаны хүмүүсийн яриагаар хоёр хөршийн ханштай л уялдуулах бололтой юм билээ?

-Энэ жил хойд хөршид будаа маш их ховордоно. Тэжээлийн будаа ч гарахгүй.Миний бодлоор Орос ургацынхаа 30-аад хувийг, Казакстан бас 20-30 хувийг алдчихсан. Канадад бас ган болж байгаа.Ерөөсөө будааны дэлхийн зах зээлийн үнийг тодорхойлдог гол дөрвөн улс бол Хятад, Орос, Канад, Казакстан. Тэгэхээр энэ жил будаа, гурилын үнэ ханш өснө.

-Нэг хэсэг их халлаа. Зарим нутгаар 70 хэм хүрсэн мэдээтэй. Газар тариаланд их халуун нөлөөлөв үү?

-Нөлөөлж байна. Нэг хэсэг унжаад иш нь бүр газар тулчихсан байсан. Бороо орсны дараа эргээд сэргэчихсэн. Будаа, рапс маш сайхан ургаж байна. Сая би Булганы Бүрэгхангай, Орхон, Сэлэнгийн Бургалтай, Номгоноор дайраад, Төв аймгийн Жаргалант, Октябриэр яваад ирлээ. Гайгүй л байна. Энэ жил чамлахааргүй ургац авах байх аа.

-Цөлжилт ажиглагдаж байна уу?

-Цөлжилт явагдсан. Хуучин цагт талбайгаа тойруулаад мод тарьдаг байсан. Одооны залуучууд тэгэхээ больжээ. Дээр нь мал их байна. Төв аймгийн Цээл суманд хичнээн их адуу, ямаа байна гэж санана.

-Малаа ад үзээд ч яах билээ?

-Адуу, ямаа хоёр газар талхлаад хаячихаж байна. Үнэхээр хэцүү байна. Одоо дөнгөж будаа цухуйж эхлүүт малчин тариаланч хоёр хоорондоо бараг дайн зарладаг. Малыг нь хурааж авдаг, хашдаг. Нэлээн хэл ам болж байж нэг үхэр юм уу нэг хонь авдаг. Маргааш нь ахиад л оруулчихсан байдаг. Үүнийг хатуу бодлогоорзохицуулах хэрэгтэй. Хуулийн ямар ч зохицуулалт байдаггүй. Хууль ёсны зохицуулалт хийгээд ингэж торгоно, шийтгэнэ гэвэл өөр болно доо. Ганцхан адуу талбай хөндлөн явахад л талбай сүйрнэ. Тэгэхээр хэдэн сүрэг адуу явж байгаа билээ. Хичнээн их будаа сүйдэж, хэдэн га газар талхлагдана.

-Энэ жилээс яамнаасДундын үйлчилгээний парк ажиллуулж эхэлсэн. Үр дүнгээ өгч байна уу?

-Маш гоё юм санаачилсан. Их зөв алхам. Одоо хамгийн гол нь газар тариалангийн мэргэжилтэй боловсон хүчин л хэрэгтэй байна.

Д.Эрдэнэтуяа

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Банан буюу гадил жимс нь зүүн өмнөд Азиас гаралтай олон наст ургамал. Байгаль дээр 70 гаруй төрөл оршдог. Жаран сантиметрээс15 метр хүртэл өндөр ургана.

Гадил жимс нь шүүслэг, хальсан бүрхүүлтэй, урт гонзгой, багцаараа ургадаг бөгөөд нэг багц нь 30 -50 кг жинтэй. Харин жимс нь нялуун амттай, цагаан шаргал өнгөтэй. Хамгийн өргөн тархсан сорт нь “ухаантан”, энэтхэг гадилын мод нь гэхэд арван метр өндөр ургана. Кавандиш, Канар, хятад гадилын мод нь хоёр метрийн өндөртэй.

Ухаантан” хэмээх халуун бүст ургадаг сорт нь олон зуун сая хүний хоол хүнсний эх үүсвэр болдог. Харин хятад гадил нь жижиг хэмжээтэй хүйтэн цаг агаарт илүү тэсвэртэйгээрээ алдартай. “Рай” сорт нь цардуултай, гуриллаг төрөлд хамаардаг бөгөөд тийм ч амттай биш. Десертийн ч гэж нэрлэдэг. түүгээр гурил бэлтгэх, чанамал, нухаш хийхэд илүү тохиромжтой гэнэ.

Гадил жимс амархан муудаж, гэмтдэг тул цельсийн -10-12 хэмийн хүйтэнд хадгалдаг. Ногоон өнгөтэйг нь бүр сэрүүн нөхцөлд хадгална.

Энэ эмзэг жимсний 80 хувь нь ус, салст бөгөөд хүний хоол боловсруулах явцийг түргэсгэдэг пектины төрлийн бодисыг агуулдаг. Харин 7-20 хувь нь боловсрох явцад сахар болон хувирдаг цардуул. Уураг 1,3 хувь, нүүрс ус 25 хүртэл хувиар агуулагдана. Үүнд ихэвчлэн сахароз, алимны хүчил, үнэр гаргагч бодис, ферментүүд, С, В1, В2, В6, РР аминдэмүүд бас А-гийн төрлийн аминдэмүүд, катехоламинууд байдаг.

С аминдэм нь цитрусын төрлийн жимсийг бодвол тун бага агууламжтай. Мөн кальцийн давс, магни, натри, фосфор, төмөр, бас их хэмжээний кали агуулагдана.

Эмчилгээний чанар:

Гадил жимс нь ийм олон төрлийн эрдэс бодис агуулдаг ч хүний бие организмд амархан шингэдэг байна. Сахарын тэжээллэг бодис, эрдэсжүүлсэн давс, олон төрлийн аминдэмийг агуулдаг нь эмчилгээний зорилгоор ашигладаг хамгийн үнэтэй жимс болгосон юм.

*Өдөрт нэгээс хоёр ширхэг гадил жимс идэхэд сэтгэл санаа тогтворжиж, анхаарал төвлөрч, ажлын чадвар дээшлэхээс гадна бие организмыг цэвэршүүлдэг.

*Жин нэмэх, булчингийн хэмжээг өсгөх зорилгоор гадил жимсийг өдөр бүр идэх хэрэгтэй. Ялангуяа бөх, хөл бөмбөг, хүнд атлетикийн төрлийн спортын эмч нар тамирчиддаа байнга идэхийг зөвлөдөг.

Гадил жимс нь бас сумо бөхчүүдийн хоолны дэглэмд заавал ордог бөгөөд цагаан будаа шиг чухал үүрэгтэй байдаг юм.

*Гадил нь кали, магнийн давсын гол эх үүсвэр гэдгээрээ судас хатуурах өвчтэй хүнд илүү хэрэгцээтэй жимс.

*Бас нефрит болон элэгний архаг өвчин, бөөр шээсний замын үрэвсэлт өвчний үед идэх шаардлагатай,
*Ходоод, шулуун гэдэсний өвчний үед хүчил багатай зөөлөн жимс гэдэг утгаар нь эмч нар хэрэглэхийг зөвлөдөг

*Хүний биед нэн чухал физиологийн идэвхитэй катехоламины төрлийн бодис болох допамин, серотонин, норпинефриныг агуулдаг. Эдгээр бодисын тусламжтайгаар ходоод, арван хоёр нугалаа гэдэс, дотрын элдэв өвчинд эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Ходоод дотрын өвчтэй хүүхдэд гадил жимсийг жижиглэж өгөх хэрэгтэй.

*Гадилын шүүс нь холер болон дизентерии зэрэг гэдэсний халдварт өвчин туссан үед ходоод, арван хоёр нугалаа гэдэснээс цус алдах тохиолдолд эмчилгээний сайн нөлөөтэй.

*Цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлж, артерийн даралтыг бууруулж, төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг тогтворжуулагч эфедрин хэмээх бодисыг агуулдаг нь уушиганд сайн нөлөөтэй.

*Харшилд гадил жимс хамгийн сайн эмчилгээ үзүүлдэг. Глютены өвчнийг эмчлэхэд хүүхдэд өдөрт бүр арван ширхэг гадил жимс идэхийг зөвлөдөг. Гэхдээ бага насны хүүхэд өвдсөн үед зайлшгүй нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй.

*Бүрэн болсон гадилыг хатааж, дараа нь чихрийн шижин өвчнөөс үүссэн хөлийн шарханд тавьдаг.

Гадил жимсний гадар хальс нь бас эмчилгээний чанартай.

-Толгой таллаж өвдөх үед болсон гадил жимсний хальсаар духан дээрээ компресс тавихад өвчин намддаг.

-Ногоон хальсны хандыг даралт ихдэх үед хэрэглэдэг.

-Хальсны дотор талаар нь түлэгдэл, бугшсан хавдар, эсэргэнэ зэрэгт тавихад сайн.

Анхаарах зүйл:

• Гадил жимсийг өдөр бүр идэх эсэх нь өвчний төрөл, биеийн байдлаас хамаарна.

Эмчилгээний зорилгоор энэ жимсийг хэрэглэх шаардлагатай бол зөвхөн эмчийн хяналтад байх үедээ хэрэглэ.

-Энэ жимсийг бага хэмжээгээр идэх хэрэгтэй. Бас өлөн элгэн дээрээ эсвэл усаар даруулж идэж болохгүй.

-Мөн цусыг өтгөрүүлдэг тул цус харвасан, зүрхний шигдээс туссан хүмүүс болон хураах судасны үрэвслийн үед сөрөг нөлөө үзүүлнэ.

-Гадил жимс, түүний шүүсийг ходоодны хүчил ихэдсэн үед хэрэглэх шаардлагагүй.
-Чихрийн шижин өвчтэй бол гадил жимсийг хязгаартай ид. Энэ тохиолдолд гүйцэд боловсроогүй эсвэл чанасан гадил илүү тохиромжтой.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

 

Өвөрмонгол. Тус орны Үндэстний Хэрэг Эрхлэх газраас долдугаар сарын 14-нд мэдээлснээр, Бүх орны хэмжээнд 1 сая 754 мянган га газрын нутаг бэлчээрт ган гачиг болж, 459 мянган хүн, 2 сая 846 мянган мал ундны усны хомсдолд орж, нийт хохирлын хэмжээ 2 тэрбум 443 сая юаньд хүрчээ.

Зургадугаар сараас эхлэн Өвөр Монголын зарим нутагт аагим халуун болж, агаарын температур 30-аас дээш гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1-3 халуун байсан бол хур тунадасны хэмжээ өнгөрсөн жилээс 3-28 хувиар багассан байна. Ү Хай, Хөлөнбуйраас бусад 10 аймаг хотын 65 хошуунд их ган болж нэн ялангуяа Алшаа аймагт агаарын темпаратур 35-41-т хүрч,  Бугат, Хөх хот, Шилийн гол, Хянган, Улаанцав, Хөлөнбуйр зэрэг 6 аймаг хотын 16 хошуунд ган гачиг гамшгийн хэмжээнд хүрэв. ӨМӨЗО-ны Үндэстний Хэрэг Эрхлэх газраас 3 сая 750 мянган юаний хөрөнгө гаргаж ган гачиг болсон нутагт худаг гаргах, үүл буудан бороо оруулах зэрэг ажлыг зохион байгуулж байгалийн гамшигтай тэмцэж байна.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

 

Монгол орны мал аж ахуйн салбарын оршин тогтнохын үндэс нь бэлчээр билээ. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө болон хүний үйл ажиллагааны зохисгүй хандлагаас үүдэн бэлчээр их хэмжээгээр талхлагдан доройтсоор байна.

Энэ байдалд дүгнэлт хийж УИХ-ын гишүүн Р.Буд, П.Алтангэрэл нарын нэр бүхий гишүүд санаачлан мэргэжлийн байгууллага, эрдэмтэдтэй хамтран боловсруулсан “Бэлчээрийн тухай хуулийн төслийг толилуулъя. Энэхүү төсөлтэй холбогдолтой саналаа УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хороо, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд болон манай сонины редакцид ирүүлээрэй.

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь бэлчээр ашиглах, хамгаалах, сайжруулах, эзэмшихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. 

 

2 дугаар зүйл. Бэлчээрийн тухай хууль тогтоомж

2.1. Бэлчээрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “Бэлчээр” гэж мал амьтан идээшлэх боломжтой ургамлын нөмрөг бүхий газрыг;

3.1.2. “Отрын бэлчээр” гэж ган, зуд зэрэг байгаль цаг уурын нөхцөл хүндэрсэн үед ашиглах зорилгоор холбогдох шатны төрийн захиргааны байгууллагаас тусгайлан хил тогтоосон нөөц бэлчээрийг;

3.1.3. “Дамжин  өнгөрөх  бэлчээр” гэж мал туувар болон нүүдэл хийх зориулалтаар холбогдох шатны төрийн захиргааны байгууллагаас хил тогтоосон зурвас бэлчээрийг;

3.1.4 “Хадлангийн  талбай” гэж Газрын тухай хуулиар газрын нэгдмэл санд бүртгэгдсэн хадлангийн  газар болон холбогдох шатны төрийн  захиргааны байгууллагаас зөвшөөрсөн өвс бэлтгэж болох ургац бүхий бэлчээрийн хэсгийг;

3.1.5. “Бэлчээрийн даац” гэж тухайн бэлчээрт сөрөг нөлөө учруулахгүйгээр тодорхой хугацаанд  бэлчээж болох мал, амьтны тоогоор илэрхийлэгдэх бэлчээрийн нэгж талбайн чадамжийг;

3.1.6. “Бэлчээрийн  нэгж  талбар” гэж тодорхой хил, заагтай, эзэмшилт, ашиглалтын зориулалт нь ижил, кадастрт тусгагдсан, оноосон дугаартай бэлчээрийн хэсгийг; 

3.1.7. “Бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө” гэж бэлчээрийг нөөц болон даац, бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлалыг харгалзан иргэн, малчдын бүлэг, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах, хамгаалах, эзэмшүүлэх, нөхөн  сэргээх, сайжруулах бодлогыг тусгасан газар зохион байгуулалтын баримт бичгийн бүрэлдэхүүн хэсгийг;   

3.1.8. “Малчин  өрх” гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.2-т заасныг; 

3.1.9. “Малчдын бүлэг” гэж бэлчээрийн мал аж ахуй эрхлэх зорилгоор бэлчээрийн нэгж талбарт жилийн нэг буюу хэд хэдэн улиралд нутаглаж, бэлчээрийг хамтран ашиглах, эзэмших гэрээтэй, Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу зохион байгуулагдсан 10-аас цөөнгүй /говийн бүсэд 5-аас цөөнгүй/ малчин өрхийг;  

3.1.10. “Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч” гэж арвин ашиг шимт үүлдэр, хэвшлийн мал, тэжээвэр амьтныг суурин болон хагас суурин байдлаар технологийн дагуу маллан үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүнээ төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлдэг иргэн, хуулийн этгээдийг;

3.1.11. “Бэлчээрийг эзэмшигч” гэж энэ хуулийн 3.1.9, 3.1.10-т заасныг;

3.1.12. “Бэлчээр  ашиглагч” гэж энэ хуульд заасан зориулалтын дагуу бэлчээр ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийг;

3.1.13. “Таримал бэлчээр” гэж мал бэлчээх, хадлан, тэжээл бэлтгэх зориулалтаар нэг ба олон наст ургамал тарьж ургуулсан газрыг;

3.1.14. “Сайжруулсан бэлчээр” гэж бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор услах, бордох, хамгаалах, нөхөн сэргээх зэргээр тордсон бэлчээрийг; 

3.1.15. “Доройтсон бэлчээр” гэж ургамлын зүйлийн бүрэлдэхүүн сүүлийн үнэлгээ хийснээс хойш хугацаанд өөрчлөгдөж, цөөрч, ургац  буурч мал, амьтан бэлчээх нөөц багассан нь эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бэлчээрийг.

 

4 дүгээр зүйл. Төрөөс бэлчээрийн талаар баримтлах зарчим

4.1. Төрөөс бэлчээрийн талаар дараахь зарчмыг баримтлана:

4.1.1. бэлчээр нь эзэмшүүлсэн эсэхээс үл хамааран төрийн хяналтад байх; 

4.1.2. бэлчээрийг даацад нь нийцүүлэн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг, эрчимжсэн аж ахуйн бүс гэсэн ерөнхий хуваарийн дагуу төлөвлөж ашиглах;

4.1.3. бэлчээрийг малчдын бүлэг, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд зөвхөн мал аж ахуй эрхлэх зориулалтаар  эзэмшүүлэх.   

 

5 дугаар зүйл. Бэлчээр ашиглалтын ангилал   

5.1. Бэлчээрийг ашиглалтын зориулалтаар нь дараахь байдлаар ангилна:

5.1.1. Нийтээр ашиглах бэлчээр:

5.1.2. Эзэмшлийн бэлчээр;

  

6 дугаар зүйл. Бэлчээрийн  хилийн зааг тогтоох 

6.1. Аймаг дундын отрын бэлчээрийн хилийн заагийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн Засгийн газар, сум дундын отрын бэлчээрийн хилийн заагийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн  аймгийн Засаг дарга,  сумын отрын бэлчээрийн хилийн заагийг сумын Засаг дарга;

6.2. Хэд хэдэн аймгийн нутгийг дамжин өнгөрөх мал тууврын замын хилийн заагийг Засгийн  газар, отор нүүдэл хийх болон орон нутгийн чанартай мал тууврын дамжин өнгөрөх замын хилийн заагийг тухайн шатны Засаг дарга; 

6.3. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх зориулалтаар малчдын бүлэгт  батлагдсан төлөвлөгөөниий  дагуу эзэмшүүлэх бэлчээрийн байршлыг баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын саналыг харгалзан сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;  

6.4. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийн хилийн заагийг байгаль газар зүйн нөхцөл, зах  зээлийн байршил зэргийг харгалзан аймаг, нийслэл, сумын Засаг дарга тус тус тогтооно.

 

7 дугаар зүйл. Эзэмшүүлэх  бэлчээрийн хэмжээ,  хугацаа

7.1. Малчдын бүлэгт эзэмшүүлэх бэлчээрийн хэмжээг малын төрөл, тоо, бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө болон баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга;  

7.2. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд эзэмшүүлэх бэлчээрийн хэмжээг малын төрөл, тоо, бизнес төлөвлөгөөг үндэслэн баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

 7.3. Бэлчээрийг малчдын бүлэг, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 15 жилийн хугацаагаар  эзэмшүүлнэ. Бэлчээр эзэмших эрхийн гэрчилгээг сунгах хугацаа нэг удаад 15 жилээс илүүгүй байна.

7.4.  Бэлчээрийг эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 21.4.3, 21.5.3-т  заасны дагуу  сум,  дүүргийн Засаг дарга хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн  дотор шийдвэрлэнэ.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Бэлчээрийн харилцааны талаархи төрийн, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын бүрэн эрх

 

8 дугаар зүйл. Бэлчээрийн харилцааны талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

8.1. Улсын Их Хурал нь бэлчээрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1. бэлчээрийг ашиглах, хамгаалах, эзэмших, сайжруулах талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

8.2. Засгийн газар бэлчээрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.2.1. бэлчээрийн талаар төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

8.2.2. бэлчээрийг ашиглуулах, эзэмшүүлэхтэй холбогдсон нийтлэг заавар, дүрэм, журам, хөтөлбөр болон бусад эрх зүйн актуудыг баталж мөрдүүлэх;

8.2.3. газрын болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тавьсан саналыг үндэслэн бэлчээрийн зориулалтыг өөрчилж өөр ангиллын газарт шилжүүлэх, өөр ангиллын газрыг бэлчээрт шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх. 

8.3. Бэлчээрийн асуудал эрхэлсэн төрийн  захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.3.1. Бэлчээрийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

8.3.2. Бэлчээрийг хамгаалах, сайжруулах, бэлчээрийн даацад үнэлгээ хийхтэй холбогдсон аргачлал, заавар, дүрэм, журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих; 

8.3.3. Бэлчээрийн нөөц, ашиглалт, хамгаалалт, чанарын мэдээллийн санг Газрын асуудал эрхэлсэн  төрийн захиргааны байгууллагатай хамтран бүрдүүлж шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах;

8.3.4. Малчдын бүлэг болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид бэлчээр эзэмшүүлэх гэрээний загварыг батлах;

8.3.5. Энэ хуулийн 3.1.9-т заасан малчдын бүлэгт олгох гэрчилгээний загварыг батлах. 

8.4. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бэлчээрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.4.1. Бэлчээрийн доройтлын үнэлгээ хийх аргачлалыг холбогдох байгууллагатай хамтран баталж, мөрдүүлэх;

8.4.2. Бэлчээрийн төлөв байдлын зураглал, цаг уурын өөрчлөлтийн мэдээллээр хэрэглэгчддийг  хангах;

8.5. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бэлчээрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.5.1. Бэлчээрийн бүртгэл, тайланг хууль тогтоомжийн дагуу газрын нэгдсэн бүртгэл тайланд тусгах;

8.5.2. Бэлчээрийн ангилал, ашиглалтын зураглал, мэдээллиийн нэгдсэн санг бүрдүүлэх;

8.5.3. Төрийн болон бусад холбогдох байгууллагуудыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах.

8.6. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бэлчээрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.6.1. Тухайн жилийн бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, биелэлтэд хяналт тавих, тайланг хэлэлцэж, дүгнэлт, шийдвэр гаргах;

8.6.2. Энэ хуулийн 8.2.2-т заасан нийтлэг дүрэм, журамд нийцүүлэн тухайн орон нутгийн онцлогт тохирсон дүрэм, журмыг батлах;

8.6.3. Бэлчээрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн эрчимсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоох.

8.7. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бэлчээрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.7.1. Сумын тухайн жилийн бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, биелэлтэд хяналт тавих, тайланг хэлэлцэж, дүгнэлт, шийдвэр гаргах; 

8.7.2. Энэ хуулийн 8.9.5-т заасны дагуу бэлчээрийн ургац, даац хэтэрсэн тохиолдолд уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх.

8.8. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь бэлчээрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.8.1. Сум, дүүргийн Засаг даргын бэлчээрийн талаар гаргасан шийдвэртэй холбогдох гомдол, маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх.

8.9. Сум, дүүргийн Засаг дарга нь бэлчээрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.9.1. Энэ  хуулийн 3.1.19-т заасан малчдын бүлгийг бүртгэж, гэрчилгээ олгох, мэдээллийн сан бүрдүүлэх;

8.9.2. Бэлчээрийг эзэмшүүлэх шийдвэр гаргах, гэрчилгээ олгох, гэрээ байгуулж хэрэгжилтэд хяналт тавих;

8.9.3. Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд Газрын тухай хуулийн 58.2-т заасан газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар 5 жилд нэг удаа хийлгүүлж  гаргасан  дүгнэлтэд үндэслэн доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулах;

8.9.4. Бэлчээр ашиглалтын тухайн жилийн төлөвлөгөөг баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын  саналыг харгалзан боловсруулж Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжилтийг зохион байгуулах;

8.9.5. Энэ хуулийн 7.3.2-т заасан аргачлалын дагуу тухайн бүс нутгийн бэлчээрийн ургац, даацыг  холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран жил бүр тогтоож, бэлчээрийн ургац,  даац  хэтэрсэн  тохиолдолд уг асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх;

8.9.6. Тухайн жилийн байгаль, цаг уурын нөхцлөөс хамаарч бэлчээрийг малаас чөлөөлөх хугацааг тогтоож хэрэгжилтийг зохион байгуулах.

8.9.7. Сум дүүргийн Засаг даргын дэргэд тухайн нутаг дэвсгэрийн бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар зөвлөмж гаргах эрх бүхий холбогдох мэргэжилтнүүд, төрийн бус байгууллага болон бэлчээр ашиглагчийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл байж болно.

8.10. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь бэлчээрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.10.1. Малчдын бүлэг байгуулах, бэлчээрийг  гэрээгээр эзэмших хүсэлтийг хүлээн авч хэлэлцэн  санал  дүгнэлт  гаргаж  сум,  дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;   

8.10.2.  Бэлчээр ашиглагч, эзэмшигчээс бэлчээр ашиглалтын талаар гаргасан саналыг хэлэлцэн дээд шатны хуралд уламжлах;

8.10.3. Бэлчээрийг ашиглах, хамгаалах, сайжруулах талаар Засаг даргын зохион байгуулсан ажлын тайланг хэлэлцэж дүгнэлт гаргах.

8.11. Баг, хорооны Засаг дарга нь бэлчээрийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.11.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

8.11.2. Бэлчээрийн тухай хууль тогтоомж, бэлчээрийг ашиглах, эзэмших, хамгаалах талаархи нийтлэг шаардлагын биелэлтийг хангуулах;

8.11.3. Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд бэлчээрийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах;

8.11.4. Бэлчээр ашиглагч, эзэмшигчийн оролцоотойгоор доройтсон бэлчээрт нэг ба олон наст ургамал тариалах, бэлчээрийг сайжруулах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулах.

    

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Бэлчээр ашиглуулах, эзэмшүүлэх

 

9 дүгээр зүйл. Бэлчээрийг ашиглуулах, эзэмшүүлэх

9.1. Бэлчээрийг тухайн нутгийн онцлог, мал аж ахуй эрхлэх уламжлал, зохистой ашиглах,  хамгаалах, сайжруулах шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа гэсэн ерөнхий хуваарийн дагуу ашиглана.

9.2. Зуслан, намаржаа, отрын болон дамжин өнгөрөх бэлчээрийг нийтээр ашиглана.

9.3. Байгалийн тогтоцоор буй болсон гол горхи, нуур цөөрөм, хужир мараа бүхий бэлчээрийг нийтээр ашиглана.

9.4.  Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малчдын бүлэгт, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд улирал  харгалзахгүйгээр тодорхой хугацаа, нөхцөл, гэрээний дагуу эзэмшүүлж болно. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, гадаадын болон харъяалалгүй иргэнд энэ заалт хамаарахгүй.

9.5. Нийт бэлчээрийн 10-аас багагүй хувийг аймаг, сум дундын болон сумын отрын бэлчээр болгон  хамгаалалтад авч байгаль, цаг уур хүндэрсэн үед ашиглана.

9.6. Аймаг дундын отрын бэлчээрт мал оруулахыг бэлчээрийн асуудал хариуцсан төрийн  захиргааны төв байгууллага байгаль, цаг уурын нөхцөл байдлыг харгалзан холбогдох аймгийн Засаг дарга нартай зөвшилцөн шийдвэрлэнэ.  

9.7. Сум дундын отрын бүс нутгийн бэлчээрт мал оруулахыг аймгийн Засаг дарга, сумын  отрын  бүс нутгийн бэлчээрт мал оруулахыг сумын Засаг дарга, байгаль, цаг уурын нөхцөл байдлыг харгалзан тус тус шийдвэрлэнэ.

9.8. Энэ зүйлийн 9.5-т заасан аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журмыг Засгийн  газар, 9.6-д заасан сум дундын отрын бэлчээрийг ашиглах журмыг аймгийн  Засаг дарга, сумын отрын бэлчээрийг ашиглах журмыг тухайн сумын Засаг дарга тус тус батална. 

9.9. Ойн сан бүхий газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бэлчээрт ашиглаж болно.

9.10. Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газрыг бэлчээрийн асуудал хариуцсан  төрийн захиргааны төв байгууллага эрх бүхий дээд шатны байгууллагатай нь зөвшилцөн тодорхой хугацаанд бэлчээрийн зориулалтаар ашиглуулж болно.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Лабораторийн болон жин хэмжүүрийн маргаан гарахгүй

 

Өнгөрсөн онд ургац арвин байсан учир Тариалан эрхлэлтийг дэмжих сан(ТЭДС) тариаланчдаас 176 мянган тонн улаан буудайг хүлээн авах технологи ажиллагааны дагуу Сэлэнгэ, Хөтөл, Булган, Хархорин гэсэн үндсэн дөрвөн салбарт нийт 176 мянган тонн улаан буудай хүлээн авчээ. Жилийн жилд улаан буудай хүлээн авах процедурын үед технологийн хүндрэлтэй асуудал олон гардаг байна. Тухайлбал, жин хэмжүүр, лабораторийн чанарын төхөөрөмжүүд шаардлага хангадаггүйгээс тус сан тариаланчдын хооронд томоохон маргаан үүсдэг ажээ.

Стандартчилал хэмжил зүйн төв, Жин хэмжүүрийн газраас жил бүр пүүнүүдийг баталгаажуулж өгдөг байна. Гэтэл “Алтан тариа” компани дээр авч байгаа пүүний заалт ТЭДС-гийн пүүний заалт хоёр хоорондоо тодорхой хэмжээгээр зөрдөг. Энэ нь нарийвчлал хэд байхаас хамаардаг аж.

Улсын хэмжээнд пүүнүүд нэг л ижил заалттай байх ёстой учир ямар нэгэн маргаан гаргахгүйн тулд баталгаажилтыг маш сайн хийлгэх асуудал яригдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл энэ жил пүүг нэгдсэн журмаар чанартай баталгаажуулах юм байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас бас нэг авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээ нь  чанарын лабораторийн асуудал ажээ. Тариаланчдаас улаан буудай авахдаа чийглэг, натур жин, хогт хольц, цавуулгийн хэмжээ гэх мэт олон төрлийн шинжилгээ хийдэг. Гэтэл улсын лабораторийн тоног төхөөрөмж ашиглалтад орсон цагаас хойш шинэчлэгдээгүй учир хуучирчээ. Харамсалтай нь баталгаажилтыг шалгадаг эталон тоног төхөөрөмж нь манай улсад байдаггүй байна. Хэмжил зүйн газрынхан харьцуулалтын аргаар баталгаажуулдаг ганц аргатай. Тиймээс ТЭДС энэ жил олон улс болон Монгол улсын стандарт шаардлагуудыг хангасан лабораторийн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэхээр бэлтгэж буй юм байна. Захиалгаа ч өгч, салбаруудынхаа лаборантуудыг 7-10 хоногийн сургалтад хамруулж, тус эталон төхөөрөмж дээр хэрхэн ажиллах талаар сургаж, дадлагажуулж эхэлжээ.

Энэхүү эталон төхөөрөмжийг Хятадын лабораторийн тоног төхөөрөмжийн зах зээлийн 70-80 хувийг хангадаг, ISO-гийн чанарын шаардлага хангасан үйлдвэрт үйлдвэрлэжээ. Энэ төхөөрөмжийн хүчинд тариа будаа хүлээн авах үед шинжилгээ лабораторийн болоод жин хэмжүүрийн ямар ч маргаан гарахгүй гэдгийг ТЭДСангийнхан мэдээлэв.  

Үр дүнгээ хэвлээд гаргаж ирдэг тус эталон төхөөрөмжийн ачаар лаборантууд гараар тоолдог болхи аргаасаа салах нь ээ.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Монгол эрдэмтэд Артишокийг сонгож байна

 

Хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол, шилжилтийн үеийн стресс, архидалт зэргээс үүдэн монгол хүний эрүүл мэндийн дархлаа суларч, өвчин эмгэг нийтлэг чанартай болсон энэ цагт монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагын бус иргэн бүрийн үүрэг байх ёстой.

Тиймээс манай залуу эрдэмтэд Монгол оронд дээрх зорилгын төлөө нэгдэж “Экологи-Хөгжил” ТББ байгуулжээ. Хүний эрүүл мэндийг урьдчилан хамгаалах зорилтыг хоол хүнсээр уламжлан гүйцэтгэж байгаа хөгжилтэй орны туршлагыг үндэслэн 2003 оноос дэлхийн шилдэг ногоо Артишокийг Монголд тарьж судалж эхэлсэн байна.

Энэхүү ажилд ХААИС-ийн ЭШСҮ-ийн Нарт төвийн доктор Л.Даваагаар ахлуулсан эрдэмтэд, ШУТИС-ийн ХИБС-ийн доктор М.Пүрэвжавын баг, ЭМШУИС-ийн П.Батхуяг доктортой хамт олон, Монос Их Сургуулийн эрдэмтэд багш оюутнууд, Моннесота төвийн доктор Дэмидмаагийн баг, судлаачид зэрэг монгол эрдэмтдийн баг тус ургамлыг Монголд нутагшуулахаас эхлээд тарьж ургуулах, судлан шинжлэх бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон ажил гүйцэтгэж байгаа ажээ.

Улмаар манай эрдэмтэд цусан хангамж сайжруулах зорилготой Артишок цай, холестерины бохирдлыг цэвэрлэх Артишок ханд, цөс элэг бөөрний үйл ажиллагааг дэмжих Артишокийн бүтээгдэхүүнүүд, арьсны эмгэг арилгах тосон түрхлэг, сахарын эсрэг ундаа зэрэг олон бүтээгдэхүүнийг эх орондоо бий болгохоор эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж буй юм байна.

“Экологи хөгжил” ТББ нь төв орон нутгийн сонирхогч хувь хүмүүст Артишокийг тайлбарлах, тарьж ургуулахад туслах, бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд хийх өөрсдөө хийж хэрэглэх, урьдчилан сэргийлэх эмчилгээнд ашиглах боломжийг бий болгоход үнэ төлбөргүй тусласаар байна. Тухайлбал, 2008 онд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан, Зүүнхараа, Орхон зэрэг аймагт өрхийн тариалалтын сургалт явуулжээ.

Тиймээс ч “Артишок Монголд” төслийн хүрээнд дээрх монгол эрдэмтэд архидан согтуурах, мансуурах болон орчны бохирдлоос үүдсэн эмгэг өвчин, хордлого тайлах “зохицуулах үйлчилгээтэй ундаа” бүтээхээр судлаж эхэлжээ. 

Импортоор орж ирдэг үнэтэй эм бэлдмэлийн оронд эх орны хөрсөнд тарьж ургуулсан Артишок ногоогоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь олон талын ач холбогдолтой. Манай эрдэмтэд хөрөнгө мөнгө хомс хэмээн зовлон бэрхшээл тоочин гар хумхин суулгүй хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө чадлынхаа хэрээр зүтгэж байгааг уншигчиддаа дуулгахад таатай агаад бахархууштай юм.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (2)

Тариаланчид сайдаа шүүхэд өгөхөөр шийдлээ

Монголын тариаланчдын холбоон дээр Төв аймгийн тариаланчид зөвлөлдлөө. Зөвлөгөөний эхэнд тус холбооны тэргүүн Р.Содхүү сонсгол хийж, тариаланчдад тулгамдаж буй есөн асуудлаар санал бодлоо солилцсон юм. Тэрээр тариаланчдаа өнгөтэй байна хэмээн магтлаа. Учир нь дэлхийн эдийн засгийн хямралын үед монголчууд хэнээс ч алга тосон гуйлга гуйхгүйгээр тариа будаагаа хурааж авч чаддаг болсныг дурдаж байв. Анх Атрын III аяныг эхлүүлэхэд бизнес хийх гэлээ гэх мэтчилэн сөрөг мэдээлэл тарааж, элдвээр хэлэх тохиол олон байсан гэнэ.

Гурван жилийн өмнө Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээе гэж ярьж байсан бол өдгөө цаашид энэ салбарын бизнесийн таатай орчныг бий болгоё гэсэн асуудал ярьж байгаа нь томоохон дэвшил гэж хэлэхэд болно.

Зөвлөгөөний үеэр тариалангийн үйлдвэрлэлд урвагч байх ёсгүй гэсэн хатуухан үгийг тэргүүн нь хэллээ. Учрыг нь, холбооны гишүүдтэйгээ уулзаад тарсны дараа салбарын сайд дуудаж загнадаг зэрэг жишээгээр тайлбарлаж байв.

Р.Содхүү ОХУ-ын засгийн газар тохиолдсон гамшгийг даван туулахад 367 тэрбум рубль гаргаж байгааг гишүүддээ мэдээллээ. Тус холбоо ХХААХҮЯ-тай хамтран энэ сарын 24-нд газар тариалангийн үйлдвэрлэл сэдвээр үндэсний хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ. Тариаланчдын ярьж буйгаар газар тариалангийн бизнесийн олон салаа ашиг сонирхлыг нэгдмэл болгох нь зүйтэй юм.

Зөвлөгөөнөөр хэлэлцсэн бас нэг асуудал бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг хувьцаат компаний хэлбэрт оруулах тухай байв. Олон жилийн өмнөөс ярьж буй энэ асуудал өнөөдрийг хүртэл цэгцрээгүй хэвээр. Зарим хүн Монголын буудайн зөвлөл гэж нэрлэе гэх санал дэвшүүлжээ. Тус компанийн гуравны нэгээс доошгүй хувийг тариаланчдын төлөөллөөр бүрдүүлэх бодолтой гэнэ. Ийм компани байгуулснаар гаднаас будаа орж ирдэг зэрэг тариаланчдын үйлдвэрлэлийг унагадаг, гадагш будаа экспортлох боломж нээгдэх зэрэг олон асуудал аяндаа шийдэгдэх юм байна.

Тариаланчдад банк санхүүгийн байгууллагаас зээл олгодог болгуулах асуудал ч яригдлаа. Тариаланч гэрээ, хууль эрх зүйн хувьд бүрэн чадамжтай байх, гэрээний үүргээ хангалттай биелүүлдэг нийлүүлэгч байх гэхчилэн хариуцлагын тухай асуудал ч орхигдсонгүй.

Тариаланчдын холбооны тэргүүн Р.Содхүү “Тариаланч бид дэндүү номхон юм. Иргэний хуулийн 245.1, 246-р зүйлийн дагуу ямар нэг бараа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа худалдан авагч тээвэрлэлт, хадгалалтын зардлаа төлдөг. Гэтэл бид огт мэдэхгүй явж. Хуульчид энэ талаар хэлж байна. Бид 2008-2009 онд тээврийн хөлсөнд 4.3 тэрбум, хатаалгын  зардалд 2.2 тэрбум төгрөг төлчихсөн байна. Тиймээс энэ мөнгийг нэхэмжлэх хэрэгтэй. Нэг нь давамгайлсан бизнесийн орчин байх ёсгүй. Томчууд нь тариаланчдаа “залгидаг”-аа болох хэрэгтэй” гэлээ. Мөн үүн дээр нэмж өнгөрсөн жил тонн будааг 330 мянгаар гэрээ хийж авчихаад, мөнгөн дүнгээ 290 болгон залилсан асуудлыг хэлэлцэж, зөрүүгээ нэхэмжлэх ажээ. Түүний саналыг тариаланчид 100 хувь дэмжиж, 289-р тогтоолыг нь барин салбарын сайдаа шүүхэд дуудахаар санал нэгдэв. Т.Бадамжунай сайдын 289-р тогтоолын балаг үйлдвэрлэгчид дээр буусан гэнэ.

Тариаланчид социалист тогтолцоогоор улаан буудай нийлүүлэхээ болихоор шийдэж, хуулийн дагуу гэрээ хийхгүй бол буудай нийлүүлэхгүй байх талаар ч ярилцлаа.

 “Атрын III аян”-ы буянаар 320 мянган хүн ажлын байртай болжээ.

Төв аймгийн Цээл сумын тариаланчдын төлөөлөл Оюунтуяа стандартын тухай асуулт асуув. Стандарт өөрчлөх үндэсгүй ажээ.

Тариаланч Рэнцэн “Будааг авагч тал өөрийн лабораториор үнэн авна гэж байхгүй. Тонн будааг 250-аар биш 181 мянгаар өгсөн. Дундын лаборатори зөв алхам” гэж саналаа хэллээ.

Будааны үнийг тогтвортой байлгахад урамшуулал чухал ажээ. Сайн ургац авч байж өндөр урамшуулал авдаг байхад амьдрал дээр эсрэгээр их ургац бага урамшуулалтай, бага ургац их урамшуулалтай байгааг шүүмжиллээ.

Төв нутгийн тариаланчид Тариалан эрхлэлтийг дэмжих сан будаа авах ёсгүй. Дөчин хүнтэй мөртлөө нэг ч агрономичгүй, улаан буудайгаа ч мэдэхгүй байна. Жинхэнэ бизнесийн байгууллага болсон. ХХААХҮЯ мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй хэмээн ярьсанд багагүй гайхав.

Тус зөвлөгөөнөөр газар тариалангийн индексжүүлсэн даатгалын асуудал хөндөгдлөө. Төгсгөлд нь тариаланчдын хэлсэн саналыг нэмж оруулан дээрх хэлэлцсэн есөн асуудлаа гар өргөн баталлаа.

 

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)